Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаевыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Жалгас Адылбаев Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа тэмдэглээд, Монгол, Казахстаны харилцааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахын төлөө хүчин зүтгэхээ илэрхийллээ.
Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Казахстаны улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлэх, харилцааг шинэ шатанд гаргах эрмэлзлээ илэрхийлээд, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тэлэхэд түлхүү анхаарч ажиллахыг захив.
Мөн үеэр талууд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлал, арга хэмжээний бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.