Энэ жил Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байгаа билээ. Тус ойн хүрээнд “Банкир 2019” банк хоорондын хөлбөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн 16 дахь жилдээ 2019.09.12-14-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж, аваргуудаа тодрууллаа.
“Банкир 2019” тэмцээнийг өнгөрсөн жилийн аварга болох Капитрон банк зохион байгуулж ажилласан бөгөөд тэмцээний хамрах хүрээ тэлэгдэж, шинэ багууд нэмэгдэн, шинэ аваргууд тодорсон гээд олон онцлох зүйлтэй тэмцээн болж өнгөрлөө.
Анх 2004 онд Хас банк санаачлан эх дэлхий дээрх хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй Хөлбөмбөгийн спортоор банкны салбарынхан анхны тэмцээнийг зохион байгуулж байсан түүхтэй.
Банкны салбарт ажиллаж байгаа ажилтнуудын тодорхой хувийг мэргэжлийн тамирчид бүрдүүлдэг. Ялангуяа хөлбөмбөгийн спортоор хичээлдэг, хөлбөмбөгийн холбооны дээд лиг, нэгдүгээр лиг, хоёрдугаар лигийн болон сонирхогчдын багуудад тоглодог тамирчид банкны салбарт ажилладаг зэрэг нь банк хоорондын тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгодог.
Нийт 16 дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Худалдаа хөгжлийн банк 4 удаа, Хас банк 3 удаа, Хаан банк 2 удаа, Төрийн банк 2 удаа, Голомт банк 2 удаа, Капитрон банк нэг удаа тус тус түрүүлж аваргын цомыг өргөсөн байдаг. Дашрамд дурдахад 3 жил дараалан түрүүлсэн баг шилжин явах цомын эзэн болох дүрэмтэй ч одоогоор 3 жил дараалан аварга авсан баг хараахан гараагүй байна.
Энэ жилийн тэмцээний хувьд 9 банкны эрэгтэй, эмэгтэй төрөлд нийт 14 багийн 270 гаруй тамирчид оролцож, хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ ийнхүү тодрууллаа. Тэмцээний ерөнхий үр дүнг танилцуулбал:
Эрэгтэй төрөлд:
Алтан медаль: Голомт банк
Мөнгөн медаль: Капитрон банк
Хүрэл медаль: Төрийн банк
Эмэгтэй төрөлд:
Алтан медаль: Хас банк
Мөнгөн медаль: Төрийн банк
Хүрэл медаль: Голомт банк
“Банкир 2019” банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөлд “шилдэг хаалгач”-аар Голомт банкны багийн хаалгач А.Бат-Эрдэнэ, “шилдэг тоглогч”-оор Капитрон банкны багийн тоглогч Б.Оргилбат, “шилдэг довтлогч”-оор Голомт банкны багийн тоглогч М.Батхишиг нар тодорсон. Харин тус тэмцээний эмэгтэй төрөлд “шилдэг тоглогч”-оор Хас банкны багийн тоглогч П.Буянжаргал нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
Тэмцээний шилжин явах цомын эздээр энэ жил бусад багуудаас онцгойрч, “аварга” болсон, М.Бат-Ялалт ахлагчтай Голомт банкны хөлбөмбөгийн шигшээ баг тодорч, ирэх жилийн тэмцээнийг зохион байгуулах нэр хүндтэй, эрхэм үүргийг хүлээлээ. Голомт банк нь өнгөрсөн жилийн “Банкир 2018” банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртэж байсан юм. Түүнчлэн банк хоорондын хөлбөмбөгийн тэмцээний эрэгтэй 2010, 2012 оны алт, 2009, 2011, 2013, 2014, 2015, 2018 оны мөнгө, 2008, 2016, 2017 оны хүрэл, эмэгтэй 2017 оны мөнгө, 2018 оны алтан медалийг хүртэж байсан түүхтэй.
Монголын банк санхүүгийн салбарт ажиллаж буй банкуудын хамт олонч уур амьсгалыг бий болгох, байнгын оюуны ачаалалтай байдаг банкируудын чөлөөт цагийг спортоор хичээллүүлэн, зөв боловсон өнгөрүүлэх, хурд хүч авхаалж самбаагаараа өрсөлдөх боломжийг олгодог энэхүү тэмцээн жил ирэх тусам улам бүр сонирхолтой болсоор байна.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэхийн хамт цаашдын тэмцээн уралдаанд өндөр амжилт хүсье !
Тэмцээний зохион байгуулагч: Капитрон банк
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.