Ийм байхаар харшилтай хүмүүс олшрохгүй яахав дээ...
...Аймгийн нутгуудад ургуулсан монгол хөрсний хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл их байсныг судалгааны багийнхан онцолсон юм. Тэд монгол ногооны 275 дээжийг шинжилгээнд хамруулахад 40 орчим хувь нь хортой буюу пестицидийн үлдэцтэй гарч, аймаг орон нутгаар авч үзвэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Зүүнхараа, Алтанбулаг сумын ургацын 55 хувь, Төв аймгийн Баянчандмань, Борнуур сумаас ирсэн ногооны 34 хувьд хорт бодис агуулагджээ.
Мөн Өмнөговь аймгийн хөрсөнд ургасан улаан лооль, өргөст хэмхийн 33 хувь, нийслэлийн Баянзүрх дүүрэгт тариалсан дээрх хоёр төрлийн жимсэнд 40 хувийн пестицидийн үлдэц агуулагдсаныг судалжээ. Хорт бодис агуулагдах хэмжээгээр Хятадын ногоо бүр ч дордсон үзүүлэлттэй гарсан байна. Хятадаас импортолсон хүнсний ногооны 40 хувьд пестицидийн үлдэгдэл маш их, 31.3 хувьд нь нэлээд их гарч нийт дүнгээр 80 хувь нь хортой байжээ. Гэтэл Монгол Улс хүнсний ногооны хэрэглээний багагүй хувийг гаднаас импортолдог. Ялангуяа Хятад улсаас авдаг билээ.
Энэ жилийн хувьд манай улс 190.6 мянган тонн төмс, 101.7 мянган тонн хүнсний ногоо, 1.4 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авсан ч хэрэглээнийхээ 40 хувийг гаднаас импортлох шаардлагатай болсон. Ингээд бодохоор гурван сая хүрэхгүй хүн амтай Монголд жилд 300 гаруй мянган тонн төмс, хүнсний ногоо шаардагдах юм байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Зүүнхараа, Алтанбулаг сумын ургацын 55 хувь, Төв аймгийн Баянчандмань, Борнуур сумаас ирсэн ногооны 34 хувьд хорт бодис агуулагджээ.
Бүр нарийвчилбал, нэг хүн жилд 100 гаруй кг хүнсний ногоо хэрэглэхээр оногдох ажээ. Судлаачдын дүгнэлтээс үзвэл хэрэглэгч таны жилийн хэрэглээний тал орчим хувь нь хортой болж таарах нь. Тиймээс хүнсний ногоо, жимс жимсгэнийг гарал үүслийн бичигтэй болгож нарийвчилсан шинжилгээ хийх нь зүйтэй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.
Эх сурвалж: Эрүүл Мэнд Их Үйлсийн Эхлэл ТББ