Хөх өвгөдийн нутаг...
Хөдөлмөрийн баатар Хурц гуай шиг хөх өвгөд маань хот хөдөөгүй цөөрсөөр хурц мэргэн ухаан хөдөлмөрч дайчин шинж нь үгүйлэгдэх тусам хүн чанар нимгэрч хөрөнгийн ялгаа зузаарч худал үнэн ялгагдахаа ч байх шиг.
Аав ээж маань аль хэдийн тэнгэрт халисан ч хааяа нэг нутагтаа очихоор халширч нэг хайрлаж нэг нуугдаж нэг зүүгдэж нэг золгодог аавын оронд аав ээжийн оронд ээж болдог нутгийн буурал хөх өвгөд маань жилээс жилд жижгэрсээр байгаад бас цөөрсөөр байгаад бараг дуусчээ.
Манай ааваас өгсүүлээд Сартуулын хөх уулс шигээ хөх өвгөд маань цагтаа бүгд аян жин тээж адуу малтай ноцолдож эрийн цээнд хүрч баруун зүүн хязгаарт эр цэргийн албаа таваас арван жилээр хааж, Халх гол Хянганы нуруу харийн дайсантай тулалдаж, Алтай Таван богдод Османы дээрэмчидтэй алалцаж явсан монгол эрс.
Завхан Ургамал сумын малчид, 1970 он
Манай сумын хөх өвгөдүүд дотор Халх голын дайчид төдийгүй Хатанбаатар Магсаржавын журамт цэргүүд Ардын хувьсгалын партизанууд ч бий. Тухайлбал, 1921 онд Хатанбаатар вангийн цэрэгт манай Сартуул хошуунаас 25 цэрэг гаргаж, хүн бүрт хоёр морь, сар тутамд хоёр ямааны махаар хүнс хийлгэхээр тогтоож мордуулсан манай сумын цэргүүд болох Ж.Санжаасүрэн, Г.Дэндэв, Д.Жамбал, Ц.Цэрэв, Д.Чүлтэм, Д.Балгансүрэн нар бөгөөд тэд сумаасаа хос морьтой гараад Ховд аймгийн Гурван цэнхэр гэдэг газар хүрэлцэн очиж Хатанбаатар Магсаржавын цэрэгтэй нийлэн хэд хэдэн удаа тулалдаанд орсны дотор Улаангомд цагаантны генерал Бакич нарын үлэмж хэмжээний цэргийг буулган авч олзлогдсон цагаантнуудаас 20 орчим хүнийг Их хүрээнд, 800 шахам цагаантныг Оросын Улаанбайшинт хэмээх газарт хүргэж өгч байсан гэж эдгээр ардын хувьсгалын партизанууд маань далаад онд бага сургуулийн сурагч бидэнд уулзалт яриа хийхдээ дурсан ярьж байсан.
Жараад онд миний мэдээ орох цагаас л Гунгаа ахын, Түвдэндорж жаажаагийн, Хуушаан хуудайн, Төмөр ахынх гэх хөдөөгийн хөх өвгөдийн өрх айлтай манайх айл саахалт намаржиж өвөлжиж хаваржиж зусдаг байв. Манай зүүн, урд талаар нутагтай Хуушаан Хуудай, Гунгаа ах бүгдээрээ л улсын сайн малчдаас гадна сайн анчид байж биднийгээ харлаг тэхийн дах дэгтийгээр үнэгүй хангадаг байсан бол манай баруун саахалтын айл Түвдэндорж Жаажаа оюутан хүүгээ Эрхүүгээс зуны амралтаар ирэхээр /Наран ах одоо Монгол Нүүрс нийгэмлэгийн захирал/ Жаажаа аавыг заавал дуудаж Наран ахын авчирсан шил Водка хувааж уун орой нь Аав нь Жаажаагийн очоод Водка гэдэг юм уугаад ирлээ гээд аав маань их л сэтгэл нь хөөрсөн ирдэг байж билээ.
Манай баруун урдуур нутагтай Төмөр ах бол гучаад онд Дандар баатартай хамт Тамбовын морин цэргийн сургууль /хожим нь бидний сурсан цэргийн химийн сургууль/ төгсч, Халх голд морин цэргийн салаанаас хороо хүртэл командлан байлдаж, Цусан гавьяаны одонгоор шагнуулж явсан, нутагтаа ирээд мал маллаж байгаад 50 гаруй насандаа гүний усанд сэлэлтийн Улсын спартикадад Ургамал сумаа төлөөлөн оролцож тэргүүн байр эзлэж байсан, энэ нь Тамбовын Цна гол, дорнын Халх голд загас шиг сэлж сурсантай холбоотой гэдэг .
Төмөр ах
Жараад оны он жилүүдэд айл болгон ахмад дайчин аавтай, аварга саальчин ээжтэй арав гаран хүүхэдтэй байсан нь нам засгаас хүн амаа эрүүлжүүлэх, хүүхдийн мөнгийг бий болгосонтой холбоотой байх. Тэр үед төрөөс нэг хүүхдэд хүүхдийн мөнгө гэж 300 төгрөг өгдөг байсан нь арван хүүхэдтэй манайх шиг айл жилд 3000 төгрөг авч байсан нь одоогоор бараг зуун төлөгний ханш гэж ойлгож болно.
Долоон хүү гурван охин төрүүлж өсгөсөн Хуушаан хуудай /Скаут хүүхдийн Баавгай багшийн аав/ мөн Халх голд 1939 он, 1945 онд байлдаж явсан дуу цөөтэй хөх өвгөн байсан бөгөөд харин түүний том ах Намгүр нь манай нутагт хувьсгалын эсэргүү хөдөлгөөнийг зохион байгуулж байсан их сайхан барилддаг, их бяртай бөх тэх хүн манай нутагт байсан гэдэг. 19З2 оны таван сард дөнгөж нялх ногоонд адуу мал цадаж байхад мань эр Талын гурван улааны урд шил дээр сайн морьдоо сойн дэлийг нь шанхайтал нь засаж, муусайн хувьсгалчдыг хүйс тэмтэрнэ хэмээн ямар нэгэн юманд бэлдээд байсан гэдэг. Тэгтэл зургаан сард Ванчин богдын цэрэг ирж хүрээг эзэлж хэмээн цуу дэгдсэнээр мань эр одоо л цаг болж хэмээн ардуудыг уриалан босч хамгийн түрүүнд сумын хоршоо руу дайран орж хунзтай цайгаар арван ханатай хоршооны гэрийн хаалгыг цөм цохин орж хоёр сугандаа нэг нэг шуудайтай гурил, салтаандаа бас нэг шуудайтай гурил хавчуулан алхаж явсан гэдэг. Үнэхээр бяртай хүн байж. Ийм цуу дэгдснээс болж манай нутгийн ихэнх эрчүүд хоршоо дээрэмдсэн, эсэргүүний хэргээр намар нь До яамныхан нутгийн хэд хэдэн отор тэмээнд хоёр хоёроор нь нуруугаар нь хүлж зөрүүлж ачаад явснаас эрчүүд маань эрс цөөрч олон эхчүүд бэтгэрч нас барсан гэдэг.
Ийнхүү нутгийн сайхан зон олон маань эр эмгүй ингэж цөөрсөн ч манай нутагт Гумаажав, Дөрвөд гээд насаараа эзгүй хээр хадны хонгилд амьдардаг бадарчин хүмүүс ч байсан, Багаа Чулуунбаатар Бүтэд Цэцэнхүү гээд ядруухан амьдралтай хүмүүс ч байсан, гурван төрийн нүүр үзсэн Сартуулын сүүлийн ноёны хүү Налай баяны хүү удам угсаа Чадраа Андиа, Ядам Миндаа, хур баян Чойжоо панз гээд л, арав хорин жил уул хадаар бүгж, тэнгэрийн салхинаас өөр юманд баригдаж үзээгүй, баруун таван аймагт алдартай Дамиран мэтийн шилийн сайн эр байсан ч ихэнх буурлууд маань зогсоо зайгүй нэгдэл нийгмийн ажилд нухлагдсаар байгаад Зогсоо хайрхан шигээ жаахан бөгтөрдүү болсон, нэгэн жигд шахуу хөх өвгөчүүд байсан, өтлөх тусмаа тэдний ухаан санаа нь улам хурц мэргэн, үг нь үнэн үйл нь ариун болдог хөх өвгөчүүд байсан.
Тэдний нэг нь манай нутагт цэцэн цэлмэгээрээ алдартай Түвдэн- Осор Дөдөө хэмээх уран цэцэн үг, хурц оюун мэлмийгээрээ нутаг орондоо алдаршсан, оюун билгээрээ нутгийнхныхаа амьдралын хөтөч болж байнга хэлж ярьж зөвлөдөг байсан Хууль Сандаг лугаа адил хөх өвгөн байсан. Нэг хавар Дөдөө сумын төв дээр дэлтэй морь унаад давхиж явтал сум нэгдлийн дарга харчихаад Юун ноос ноолуурын цаг болж, эрвийх дэрвийхээрээ атга чимх дэл хөөвөр цуглуулж байхад Та дэлтэй морь унаж явдаг билээ, Зургийг нь авч самбарт тавина гэтэл Дөдөө урдаас нь Танай авгай торгон дээл өмсөх дуртай бол би дэлтэй морь унах сонирхолтой гээд давхиад явсан гэдэг
Түвдэн- Осор Дөдөө
Мөн нутаг усандаа алдартай удам дамжсан бариач, нутгийн олон хүнд амьдрал, аз жаргал бэлэглсэн буянтай буурал ах дүү хоёр бариач Балбар Бааваа, Магсар Маа гэх хөх өвгөд байсан. Хэн нэгний яс үс хугарч эд эрхтэн гэмтэж бэртэхэд өдөр шөнө хэзээ ч очсон бариад өгдөг ирээд засаад өгдөг ах дүү хоёр сайхан бариач хөх өвгөд Магсар Маа, Балбар Бааваа нар хүү Рашцэрэн, Төмөр-Очир нартаа ур ухаанаа өвлүүлэн хүүхдүүд нь ч нутаг усандаа сайн бариач болцгоосон. Магсар Маагийн гэргий Д.Лхамжав Адиа гэхэд л гурван хүүхдийн эх хүн гэхэд тавь шахсан үедээ ч адуу уургалдаг, эмнэг сургадаг, үргэлж морин дэл дээр хийсч явдаг хөдөөгийн хөх эрчүүдээсээ дутахааргүй эршүүд эмэгтэй байсан.
Манай нутгийн буурлууд маань бүгдээрээ л сартуулын Сар хайрхан шигээ сайхан хөх өвгөд байсан бөгөөд тэдний нэг нь Хүнгүй голын хөвөө Их Бага Хайрхан Гозгор улаан Үзүүр нурам хавиар нутагтай Аймгийн аварга ямаачин Цэрэндорж ах мөн бөгөөд тэрээр 1945-1949 онд ардын цэргийн албыг эх орны баруун хязгаар болох Хүрэн Богдын хилийн заставт хааж, Оспаны дээрэмчидтэй байлдаж, баруун хилийн тулгаралтад удаа дараалан оролцож явсан ахмад дайчин хүн. Цэрэндорж ах цэрэгт байхдаа бие даан бичиг үсэгт суралцаж, шинэ болон хуучин монгол бичгийг маш сайн эзэмшсэн, нутаг усандаа Ямаачин Цэрэндорж хэмээн алдаршисан яриа хөөрөө элбэгтэй, аж ахуйч, цэвэр цэмцгэр, өөрийнхөөрөө үзэл бодолтой нутгийн хөх өвгөдийн нэг байлаа
Цэрэндорж ах
Аав маань нас барсан жилийн тэр зун нь ээж маань мал ахуй биднийгээ аваад төрсөн нутаг хөрш зэргэлдээ Сантмаргац сум руугаа нүүнэ хэмээн оволзож байх тэр зун Цэрэндорж ах манайд ирээд Танайх нүүгээд явахаар энэ сайхан өвөлжөө хаваржаа зуслан хувхайрч нутаг эзгүйрнэ. Нүүхээр энэ хэдэн үхэр тугал чинь мөөрөөд Сүвний амаар орохгүй. Тэр хэдэн сайхан морьд чинь нутаг гүйгээд тогтохгүй. Энэ хэдэн хүүхэд чинь нутаг орноо санана. Битгий нүү гэж үглэн зөвлөсны үндсэн дээр бид нүүхээ больж билээ. Тэр нь ч зөв болсон байх. Тэр мөчөөс хойш ээж маань аавын буйрыг нутагтаа сахин хаашаа ч явалгүй яг хорин жил болоод Цагаанчулуутынхаа хаваржаандаа малаа төллүүлж байгаад далан гурван насандаа туулай жил дээрээ Тэнгэрт халиж билээ.
ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт