Сунасан гэдэсний өчил
Намайг Гэдэс гэдэг. Би энгийн амьдралтай нэгэн. Бас тун чухал эрхтэн. Эзэн бид 2 олон жилийг амар амгалан өнгөрөөсөн ч ойрын үед мэдэх мэдэхгүй олон зүйл намайг сандаргах боллоо.
Эзэн юу хамаагүй идэж, уух болсноор л энэ бүхэн эхэлсэн юм. Хөгжилтэй юм шиг хэрнээ харамсмаар түүх л дээ. Хэзээ нэг өдөр миний амьдрал хэвийн болж, бид нэг зорилготойгоор эрүүл аж төрөх сайн цаг ирнэ гэж найдаж байна.
Эзэн маань өглөө бүр жингээ үздэг. Өнөө өглөө урьдын адил сунасан гэдэс тулаад жин дээрх тоогоо харж чадсангүй. Уурандаа намайг балбаж цохисон. Үнэндээ би буруугүй шүү дээ. Өнгөрсөн шөнө зурагтаар кино үзэнгээ 1 таваг шарсан төмс идэж, пиво ууж таг хэвтсэн. Ийм байтал өглөө нь 1 кг нэмснээ гайхаж цамнах хэрэг байна уу. Өдөржин сэтгэлээр унахаар тархи ч их бачимдах байх даа.
Дэлхий даяарчлагдсан гэсэн. Хоол хүнс ч дагаад даяарчлагдсан бололтой. Зарим хоолыг орж ирэхэд нь би огт танихгүй юм. Хэт боловсруулалтанд орчихоор танихын аргагүй болчихдог юм байна. Пицца, бургер, чикен, кола гэж их сонсогддог. Бодвол тэд нар нь байх. Сайн ялгахгүй юм.
Тэднийг идэж эхлэхэд би их сандардаг. Эсүүдээс их ичдэг боллоо. Тэдэнд шим тэжээлийг нь ялгаж хуваарилах чухал үүргээ хийж чадахаа болиод байна. Намайг жагсаалтаас гаргана гэж ярихийг нь сонссон. Тэгвэл энэ бие л хэцүүднэ. Би яаж ийгээд хичээх ёстой. Хэдэн өдрөөр ч хамаагүй тасралтгүй ажиллаж "нүүрээ тахлах" хэрэгтэй.
Үнэндээ би төмрөөр хийгдсэн гэдэс биш л дээ. Танихгүй "хоолнуудтай" удаан зууралдахаар их ядардаг. Лаазалж, нөөшилсөн түргэн "хоол", өнгийн ундаануудаас шим тэжээл олддоггүй болохоор ихэнхдээ өөх тос, химийн бодис нь надад наалдаж үлддэг.
Биеийн эс эрхтнүүд хоорондоо нягт холбоотой ажилладаг юм. Гэвч ойрын хэдэн жил хамтын ажиллагаа бутарсан. Сайны дохио биш байх.
Эзэн бие амин дэмээ байгалиас авахаа болиод удсан, дасгал хөдөлгөөн хийж энергиэр хангахаа больсон. Цагаан эсүүд сандралдаж цөөрч эхэлсэн. Цусны эргэлт удааширч дархлал хүчгүйдсэн. Дурын вирус орж ирээд биднийг самардаг. Допаминий долгион самуурч тархи амттанд донтсон. Гэдсэнд хеликобактер файлори нугалаа бүрт үржиж сайн бактериуд муу бактериудад дийлдсэн. Ер нь Дэлхийн III дайн энэ гэдсэнд болоод байна.
Би үе, үе тэсгэл алддаг. Өвдөж, базалж түүнд мэдээ дамжуулна. Сайхан цэнгэг ус, үр тариа, жимс ногоог хүсэх юм. Харин эмээр бөмбөгдөж намайг дараад иддэгээ л идэх юм даа.
Тархи надад хэлсэн. Эзний ухаарлын үе эхэлсэн гэж. Бид сандралдаж байна. Эзний энэ үе бидэнд хүнд тусдаг. Дан каш, дан алим, байцайтай хоосон шөл, үхрийн хар мах, өндөгнүүд аль нэг нь л өдөржингөө орж ирдэг. Биеэ дэглэж байгаа нь тэр. Тэгснээс оюун санаагаа л дэглэмээр байна. Даанч тэгэх бодол түүнд байхгүй. Гурилан боорцгоо байнга бодож байгаад гэнэт л салат, бууз руу дайрдаг юм. Гэхдээ энэ удаа түүнд итгэхийг хүсч байна. Тэр оюун бодлоо, сонголтоо үнэхээр өөрчилсөн байгаасай.
Тэр “турна, агшина” гэж олон жил ярьсан. Олон дэглэм сэглэсэн. Бие, эрхтэн, эд эс хэвийн бус болоод удлаа. Харшил дарлаж, ходоод улайлттай болсон. Энэ чигээрээ үргэлжилбэл олон ужиг өвчнийг би үүсгэж эхэлнэ. Би үүсгэдэг юм шүү дээ. Өвчний 80 хувь нь надаас, гэдэснээс шалтгаалдаг. Би л тэсэх хэрэгтэй байна. Гэхдээ намайг дэмнэх юу ч алга. Хэр удаан тэсэхээ ч хэлж мэдэхгүй байна.
Би тайван амьдармаар байна. Би эрүүл баймаар байна. Намайг гамнаж өгөөч. Намайг аварч туслаач! Power Nutrition