Үндсэн хуулийн өөрчлөлт...
Өнөөдөр засгийн эрх ард түмний гарт байна уу, эмхэлж болсон төрөө иргэд хариуцлага тооцож огцруулж чадаж байна уу, баялгийн хувиарлалт шударга байна уу, боловсрол эрүүл мэнд нийгмийн асуудлаар та сэтгэл хангалуун байна уу, ашигт малтмалыг ард түмэн эзэмшиж байна уу, эсвэл гадаад дотоодын олигархиуд эзэмшиж байна уу, иргэд шүүх прокурор цагдаад итгэлтэй байна уу, хүний эрх шударга ёс хангагдаж байна уу, бизнесийн орчин шударга байна уу, бие даасан эдийн засагтай байна уу, нийгмийн эмзэг бүлгийнхэн төрийн хайр халамжийг хүртэж чадаж байна уу, мал машин байр сууц таны мэдэлд байна уу, эсвэл банкны барьцаанд байна уу, энэ бүхнийг өнөөгийн Үндсэн хууль зохицуулж чадаж байна уу үгүй юу гэх зэрэг асуултыг та өөрөө өөртөө тавиад үзээрэй, Үгүй бол Үндсэн хуулиндаа дараахь зарчмийн өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй.
Монголын ард түмэн бол төр засаг хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах цорын ганц эх сурвалж мөн бөгөөд төр нь ард түмний байнгын хяналтанд байна. Ард түмний эрх мэдэл төрийн дээр байж төр зөвхөн сайн үйлчлэгчийн үүрэг гүйцэтгэж нийгэмд шударга ёсыг сахиулан ард түмнийг малтай өмчтэй эрхтэй нь өөрийн найдвартай хамгаалалтандаа байлгаж хангалуун амьдралаар хангах үндсэн зорилготой.
Эмхлэгдэн байгуулагдсан төр засаг Үндсэн хуулиар заасан үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа, эсхүл Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд ард түмэн эсэргүүцэл илэрхийлж хугацаанаас нь өмнө огцруулан шинээр эмхлэн байгуулах эрхийг баталгаажуулах ёстой. 1992 оны Үндсэн хуульд орхигдсон ардын хянан шалгах тогтолцоо, хүний эрхийг хамгаалах тогтолцоог хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх засаглалаас тусад нь дөрөв тавдахь засаглал болгон авч үзэн Үндсэн хуульд тусгай бүлэг заалт болгон оруулах шаардлагатай.
Монгол үндэстнээ нэгтгэх зорилгоор гадаадад байгаа элэг нэгт ахан дүүсдээ монголын иргэншил авахад нь давуу эрх олгох, төрөөс хилийн чанадад оршин сууж байгаа монголчууддаа үндэсний хэл соёлоо хадгалан хөгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх нь зүйтэй.
Газрын хэвлий, түүний баялаг, ашигт малтмалыг нь ард түмний дундын өмч болгож нөөцөөс нь хамаараад стратегийн, эсхүл орон нутгийн шинж чанартай гэж ангилж, баялгын сангаа нэн тэргүүнд иргэдийн боловсрол эрүүл мэнд орон сууц нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулах нь зөв.
Газар доорхи баялагийнхаа дөнгөж хоёрхон хувийн үүцийг задлахад л бид одоо 200-аад орд босгоод байгаа, үлдсэн 98 хувь нь онгоноороо байгаа, үүнээс хоёрхон Толгой орд нийлэхэд л есөн зуун тэрбум доллар буюу өнөөгийн манай улсын 300 жилийн төсөвтэй тэнцэнэ гэсэн бүдүүн баргын албан бус тооцоо бий.
Монгол Улсын мөнхийн эрхэм зорилго бол туурга тусгаар оршин тогтнох явдал бөгөөд оршин тогтнохын үндэс бол хөгжил, хөгжлийн үндэс бол боловсрол юм. Ирак Афгантай адилхан олон жил дайн дажинд нэрвэгдсэн ч Саддам Хуссейн тухайн үедээ ард иргэддээ өндөр боловсрол эзэмшүүлсний ачаар өнөөдөр Афганаас арав дахин хурдан босч хөгжиж байна.
Хятад биднээс 500 дахин, Орос 50 дахин хүн амтай тул бид тэднийг биеийн бяраар бус еврей нар шиг оюуны бяраар дийлэх зарчимд тулгуурлан төр засгаас монгол хүн бүрт дээд боловсролыг Герман Франц шиг үнэ төлбөргүй эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай. Монголын бакалаврыг дэлхийн бүх оронд хүлээн зөвшөөрч магистрантуртаа саадгүй элсүүлж байгаа боломжийг ашиглан гадаад мастерийн төлбөрийг баялгын сангаасаа гаргуулан монгол хүн бүр дэлхийн боловсрол гүйцэд эзэмших бололцоотой.
Монгол хүнээ төрийн хамгаалалтанд байлгах эрхэм чиглэл нь боловсрол төдийгүй иргэдийн эрүүл мэнд орон сууц нийгмийн баталгаа эрх, эрх чөлөө нь байна. Хөдөөнөөс хотод шилжих иргэдийн эрхийг олон улсын хуулиар болон Үндсэн хуулиар хэнд ч хаах боох эрх байхгүй. Замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчөөгүй л бол долоо хоногийн нэг өдөр машин жолоодох эрхийг хаах боох эрх хэнд ч байхгүй. Ямар замаар яаж саадгүй зөрчилгүй явуулах гэдэг нь л төрийн үүрэг. Энэ асуудал зам барих ёстой газраа зарж үрэн таран хийн ганцхан сая хүнтэй хотыг бөгс эргэх зайгүй болгосон үе үеийн нийслэл төр захиргааны түшмэдүүдтэй холбоотой болохоос дүрмээрээ явж байгаа энгийн номхон жолооч иргэдэд ямар ч падлий байхгүй. Замын ачааллыг хэдэн жилээр ч тооцоод бөглөрөл үүсэхээс нь өмнө хэдэн багана хатгаад ч гэсэн хотынхоо дээгүүр ч хамаагүй хэдэн арван км хурдны зам, доогуур нь ч метро тавих зэргээр асуудлаа яаж шийдэх нь цэвэр төрийн үүрэг.
Шинээр гэр бүл болж байгаа залуу гэр бүл үнэгүй орон сууцаа гэр бүлийн баталгаатайгаа хамт гардан авах эрх, амьжиргааны баталгаажих доод төвшнөөс доогуур орлоготой иргэн төрөөс сар бүр баталгаатай тэтгэмж авах эрх, хүн бүр хүнд мэс заслын төлбөрийг төрөөс зуун хувь гаргуулах, хүүхэд жирэмсэн эмэгтэй ахмад настан эдгэршгүй хүнд өвчтэй иргэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн сэтгэцийн хүнд эмгэгтэй иргэд бүх төрлийн эрүүл мэндийн үйлчилгээний зардлаа төрөөс гаргуулах эрх тус бүрийг Үндсэн хуульд баталгаажуулж өгөх шаардлагатай.
Дээд шатны албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэр, тушаалыг доод шатны албан тушаалтан нь биелүүлэхгүй байх үүргийг, сонгуулийн насны нэг мянгаас доошгүй иргэний албан ёсны саналыг төр засгийн аль ч шатны байгууллага, албан тушаалтан заавал авч хэлэлцэн шийдвэрлэж байх үүргийг, хууль бусаар эрх чөлөөгөө хязгаарлуулсан иргэний хохирлыг төр засаг нөхөн төлж байх зэрэг үүргийг зайлшгүй хуульчлах хэрэгтэй.
Ардын хянан шалгах, Хүний эрхийг хамгаалах тогтолцоог Үндсэн хуулиар бий болгож гишүүдээр нь нам бус иргэдийг их хурал ерөнхийлөгч шиг ард түмнээс шууд сонгох бөгөөд тэд юуны түрүүнд ард түмний нэрийн өмнөөс төрийг хянах хүний эрхийг хамгаалах үндсэн үүргийг хүлээх нь зүйтэй.
ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт