Улс төрийн 12 нам, иргэний гурван хөдөлгөөн хамтран Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бус шинэчилсэн найруулга хийх ёстой гэсэн байр суурьт нэгджээ. Тэд энэ саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр өргөн барина гэв.
Парламентад суудалгүй намууд УИХ-ын түвшинд хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн төслийг Журмын тухай хуулиа зөрчсөн, хоёр намын үзэл бодлыг шингээж эрх мэдэл бүхий этгээдүүд өөрсдийн байр суурийг бэхжүүлэх гэсэн явцуу хүрээнд хийгдэж байна хэмээн шүүмжилж байгаа. Энэ саналаа эхний хэлэлцүүлгийн дараа Төрийн тэргүүн намуудын төлөөллийг хүлээж авах үеэр илэрхийлжээ.
Ерөнхийлөгчийн зүгээс тэднийг саналаа нэгдсэн байдлаар ирүүлэх нь зүйтэй гэсэн тул ийнхүү бичгээр хандаж байгаа гэв. Мөн УИХ, ЕТГ-аас Төрийн ордонд зохион байгуулж байгаа Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг ард түмэнд ил тод, нээлттэй бөгөөд хүртээмжтэй хүргэхийг шаардаж байгаа юм. Тиймээс телевизийн шууд нэвтрүүлгээр мэтгэлцээн зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, МҮОНРТ-д тус, тус хүргүүлэхээр болжээ.
Улс төрийн намын дарга нар ингэж ярьж байна.
Н.Энхбаяр /МАХН-ын дарга/: Үндсэн хуулийг өөрчлөх үйл явц хууль зөрчсөн
-УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран энэ сарын 22-ноос эхлэн Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгуулж байгаа. Улс төрийн намуудыг урьсны дагуу бид оролцож, байр сууриа тодорхой илэрхийлж байгаа. Бидний байр суурь нэгдүгээрт,Үндсэн хуулийг өөрчлөх үйл явц өөрөө Журмын тухай хуулийнхаа хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн.Гишүүдийн гарын үсгээр зурсан эх, хэлэлцэж байгаа эх хоёр зөрж байна.Тэгэхээр өргөн бариагүй эхийг хэлэлцэж байна гэсэн үг. Хоёрдугаарт, ил тод байдал хангагдахгүй байна. Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагуудаар дамжуулан Үндсэн хуулийн зүйл заалт бүрээр санаа бодлоо илэрхийлж мэтгэлцээн хийхийг шаардсан ч зохион байгуулахгүй байна. Намуудтай уулзаж саналыг авах ажил огт хийгдээгүй. Бид шаардаж байж хэлэлцүүлэг эхэлсэн. Гуравдугаарт, Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд тэр, энэ алдаатай гэж хэлэхээс өмнө эхлээд хууль зөрчсөн асуудлыг бид хэлж байгаа. Ерөнхийлөгч хуулийн төслийг нэгдүгээр хэлэлцүүлэг эхлэхээс өмнө санаачлах ёстой байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн саналыг авна гэж хоёр өөр төсөл өгсөн юм байна лээ. УИХ-д бичсэн бичигт нь ийм агуулга байгаа. Иймд арга ядаад хоёрдугаар хэлэлцүүлгийн үед хуулийн төсөл санаачилсан юм байна. Журмын тухай хуульд нэг төсөл хэлэлцэнэ, хоёр төсөл хэлэлцэж болохгүй гэж заасан. Тиймээс бид үүнийг хууль бус явагдаж байна гэж үзэж байгаа. Хэлэлцүүлгийн үеэр бид Ерөнхийлөгчтэй уулзахад, та нар цуглаад яриад байгаа асуудлаа нэгтгэ гэсэн. Тэр дагуу бид саналаа нэгтгэн гарын үсэг зурж өргөн барихаар боллоо.
Д.Сүхжаргалмаа /Иргэний хөдөлгөөний намын Ерөнхий нарийн бичгийн дарга/: Ард түмний саналыг нэгтгэх ёстой
-1992 оны Шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш 30 жил боллоо. Өнөөдөр улсынхаа байдлыг үзэхэд,Үндсэн хуулиа эргэж харах, өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гагчхүү хэлэлцүүлэг хийхдээ сэдэвчилсэн маягаар, таван өдөр өөрчлөлтийн асуудал ярина гээд уржигдар гүйцэтгэх засаглалын тухай, өчигдөр УИХ-ын талаар,өнөөдөр шүүх тогтолцоо гээд ярьж байгаа нь учир дутагдалтай. Асуудлыг ерөнхийд нь дүгнэхэд, Үндсэн хуулийн онцгой гайхамшигтай, бахархалтай үлэмжийн чанар нь нийгмийн гэрээ . Нийт ард түмний хүсэл зориг, мөрөөдөл тэмүүлэл, эв нэгдлийг харуулсан эрхзүйн баримт бичиг. Иймд ард нийтээрээ оролцож зөвшилцөлд хүрч, улс орноо ийм замаар, ийм зорилгод ингэж хүргэнэ гэдгээ тодорхойлох ёстой. Гэтэл энэ нөхцөл бүрдээгүй, нөгөө талаас шийдлээ олоогүй асуудлууд зөндөө. УИХ-ын 62 гишүүн саналаа өгсөн, иргэдээс маш олон санал ирж байгаа. Ерөнхийлөгч өөр байр суурьтай, өөр саналууд оруулж ирсэн. Ерөнхий сайд ч өөрийн байр суурийг хэлж байсан. Тэгэхээр нэгдмэл байр суурь дээр очсны дараа л нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж баталж болно.
О.Бум-Ялагч /Ногоон намын дарга/: МАН дангаараа хууль өөрчлөх эрхгүй
– 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт учир дутагдалтай болсон. Яагаад гэвэл, Үндсэн хуулийн цэц энэ өөрчлөлт буруу гэсэн тогтоолыг гаргасан нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас асуухад “Тогтоол хүчин төгөлдөр байгаа. Гэхдээ маргаан үүсгээд түдгэлзүүлэх асуудлыг ярьж байна” гэсэн. Өөрөөр хэлбэл, түдгэлзүүлээгүй байж өөрчлөх гээд явж байна.Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт хувьсгалыг дуудлаа. Нөгөө талаас бидэнд тараасан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн материалд нийт ард түмний гуравны хоёр хувь улс төрийн намуудад итгэл хүлээлгэхгүй байна гэжээ. Өөрсдийнх нь гаргасан судалгаагаар тийм байхад Үндсэн хуулийг өөрчилнө гэж ярих нь ёс зүйн хувьд таарахгүй. Энэ тухай ажлын хэсгээс нь асуухад хариулт өгөөгүй. Ард түмэн Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа намуудад итгэл хүлээлгэхгүй байна. Үүнд манлайлж оролцож байгаа 64 гишүүнтэй намыг ард түмний 15-хан хувь нь л дэмжиж байгаа. Тэгэхээр МАН Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй, ард түмний дэмжлэг алга.
О.Заяа /Хөгжлийн хөтөлбөр намын дарга/: Нэгдсэн зөвшилцөл байгуулъя
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нэг субъект нь улс төрийн намуудын зөвшилцөл юм. Гэтэл Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүн төсөл өргөн барьж, нэгдүгээр хэлэлцүүлэг хийхдээ намуудтай огт зөвшилцөөгүй. Нэг нам дангаараа хуульд өөрчлөлт оруулах боломжгүй. Гэтэл улайраад яваад байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Харин Ерөнхийлөгчийн зүгээс намуудын байр суурийг сонсъё гэсэн учраас бид нэгдэж албан бичигт гарын үсэг зурж байна. Бид олон талын оролцоог хангаж, нэгдсэн байр сууриар асуудалд хандах ёстой.
Х.Бат-Ялалт: Судалгаа шинжилгээ хэрэгтэй
-Үндсэн хууль бол ард түмний эв нэгдлийн гэрээ. Гэтэл үүнийг зөвхөн нэг нам дангаар юм уу, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын улс төр нийгмийн амьдралыг удирдсан, өөрсдийнхөө ажлын үр дүнг шүүсэн ийм л үйл ажиллагаа гэж ойлгож байгаа. Тиймээс ёс зүйн хувьд өнөөгийн УИХ Үндсэн хуульд дангаараа гар хүрэх нь учир дутагдалтай, арга зүй нь буруу. Агуулгын хувьд ч гэсэн ард түмний эрх ашигт нийцүүлж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. Удирдах түвшний хүрээнд л өөрчлөлт хийгдэж байгаа. Иймд улс төрийн намууд нэгдэж гарын үсэг зурсан албан бичигт дурдсан шиг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчийн дор бүх намыг оролцуулсан, дээр нь энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачдыг хамруулан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зүйтэй.
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин