УИХ-ын гишүүдийг 108 болгох Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг АН дэмжиж байна
УИХ дахь АН-ын зөвлөл өчигдөр хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Монгол Ерөнхийлөгч Х.Баттулгын боловсруулсан төслийг хэлэлцжээ.
Тэд УИХ-ыг хүн амынхаа тоотой харьцуулаад 108 байх, холимог сонгуулийн системтэй байх ёстой гэсэн саналуудыг дэмжсэн байна.
Мөн энэ үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: "Монгол Ардчилсан улс мөн юм бол сонгодог парламентыг бүрдүүлэхийн тулд сонголт хийдэг байх ёстой. 76 жижиг тойргоос хүмүүсийг сонгох нь Засгийн газрын тогтворгүй байдал, парламентын нэр хүнд зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн гаргасан холимог сонгуулийн системийг дэмжиж байна.
Хоёрдугаарт, бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаасаа татгалзаж чадахгүй л байна байна. Бид зах зээлийн эдийн засагт социалист маягаар хандаж болохгүй. Орон нутгийн хөгжлийг дэмжих асуудал нь эдийн засгийг орон нутагт өгдөг асуудал. Иймээс үүнийг Үндсэн хуульд тусгаж өгөх ёстой.
Гуравдугаарт, нутгийн өөрөө удирдах байгууллага, засаг захиргааны тухай буюу хотын статусын асуудалд Ерөнхийлөгчтэй ижил байр суурьтай байна. " хэмээсэн юм.