Өнгөрсөн онд 1.7 сая орчим хүн ХДХВ-ийн халдвар авчээ
2018 онд дэлхийн даяар 1.7 сая орчим хүн ХДХВ-ийн /хүний дархлал хомсдлын вирус/ халдвар авсан тухай НҮБ-ын ХДХВ/ДОХ-той тэмцэх Нэгдсэн хөтөлбөрийн газрын /ЮНЭЙДС/ тайлан мэдээнд дурджээ.
ЮНЭЙДС-ийн мэдээлснээр, дээрх үзүүлэлт нь 2010 оны мэдээлэлтэй харьцуулахад 16 хувиар буурсан тоо аж. Тус байгууллагын тайлан мэдээнд онцлон тэмдэглэснээр, Өмнөд болон Зүүн Африкийн орнуудад ДОХ өвчинтэй тэмцэхэд ахиц дэвшил гарсантай холбоотойгоор халдвар авах эрсдэлийг бууруулж чадсан байна. Тухайлбал, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад ХДХВ-ийн шинэ халдварын тохиолдол 40 гаруй хувиар буурчээ.
Тайлан мэдээнд дурдсанаар, одоогийн байдлаар дэлхий даяар 37.9 сая хүн ХДХВ-ийн халдвар авсны 1.7 сая нь хүүхдүүд аж. Уг вирусээр халдварласан хүмүүсийн 79 хувь нь халдвар авснаа мэддэг байна. Өнгөрсөн онд ДОХ-ын улмаас 770 мянган хүн нас барсан нь 2010 оныхтой харьцуулахад 33 хувиар буурсан үзүүлэлт аж.
ЮНЭЙДС мөн Зүүн Европ болон Төв Ази /29 хувиар/, Ойрхи Дорнод болон Хойд Африк /10 хувиар/, мөн Латин Америкийн орнуудад /7 хувиар/ ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдлын тоо эрс нэмэгдсэнийг анхааруулжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг