Сэтгэцэд нөлөөт 3,877 ширхэг эмийг хуурамч жороор олгожээ
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, эмийн түүхий эдийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, түгээх байгууллагын үйл ажиллагаанд хамтарсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ.
62 эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан хамрагдсанаас Мансууруулах сэтгэц нөлөөт бүртгэл дутуу, бүртгэлгүй, хуурамч хүчингүй эмийн жороор худалдсан, дутаасан гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76 хэрэг үүсгэсэн байна.
Үүнээс 3,877 ширхэг сэтгэц нөлөөт эмийг хүчингүй, хуурамч жороор олгосон 7 аж ахуйн нэгж, 17 иргэнд нийт 11,650,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авжээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Иймд эмийн сангийн жор баригч, эм зүйчид хүчингүй, хуурамч жороор үйлчлэхгүй байх, иргэд хүчингүй, хуурамч жор хүлээн авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтран баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийг шалгах шалгалтын удирдамж”-ийн дагуу шалгалт хийсэн аж.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар