Санхүүгийн манлайлал 2019 хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа
ХААН Банк 22-35 насны залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэхээр “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрийг анх удаа Аксэл Фишэр академитай (АФА) хамтран 12 долоо хоногийн турш хэрэгжүүллээ. Өнөөдрөөс гурван сарын өмнө тус хөтөлбөрийг олон нийтэд зарлаж, 1,000 гаруй онлайн хүсэлт хүлээн авснаас салбар бүрийн манлайлагч 30 залуусыг сонгон шалгаруулсан билээ. Хөтөлбөрийн гол зорилго нь залуусыг санхүүгийн мэдлэг, зөв дадалд суралцуулах, хувийн болон өрхийн санхүүгээ цэгцтэй төлөвлөх чадвар суулгах улмаар тэднээр дамжуулан нийгэмд эерэг нөлөөлөл бий болгох зорилготой байсан юм.
Хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн болон хувь хүний хөгжлийн танхимын сургалт орохоос гадна, багаар ажиллах, нэтворкинг арга хэмжээнд оролцож туршлага судлах, танилцах аялал болон ганцаарчилсан уулзалт хийж мэргэжлийн багшаас хувийн дасгалжуулалт авах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг хэрэгжүүлсэн билээ. Онцгойлон дурдахад, менторинг буюу хувийн дасгалжуулалтыг анх удаа туршиж, АФА aкадемийн мэргэжлийн багш нар бүх оролцогчидтой нэг бүрчлэн уулзаж тэдэнд тусгайлсан зөвлөгөөг өгч ажилласан юм.
Өнгөрсөн гурван сарын турш “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөр маш амжилттай хэрэгжиж, 2019 оны 6-р сарын 26-ны өдөр хаалтын ажиллагааны үеэр, өөрийгөө дайчилж, бусдыгаа манлайлсан нэг шилдэг оролцогч ХонКонгод сургалтад хамрагдах эрхийн эзэн боллоо.
Оролцогчдын хувьд хөтөлбөр хүлээлтээс давсан байж чадлаа хэмээн нэгэн дуугаар хэлж байлаа. Учир нь тэд дан ганц санхүүгийн онолын мэдлэгт суралцана гэх төсөөлөлтэй байсан ч амьдралын туршлага, практик дээр суурилсан, сонирхолтой сургалт, хичээлүүдэд хамрагдсан нь илүү онцлог байсан хэмээж байв. Манлайлагч 30 залуус маань хөтөлбөрөөр дамжуулан өөрийн үнэт зүйлсээ тодорхойлж, асуудлаасаа зугатдаггүй, нүүр тулж шийдвэрлэдэг болсон, цаашид зөвхөн өөрсдөө суралцаад зогсохгүй, нийгэмдээ түүчээлэн ажиллах болно гэдгээ амлаж байв.
“Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээний үеэр шилдэг оролцогчоор шалгарсан М.Долгорсүрэн: “Энэхүү хөтөлбөрийн ялагч болсондоо маш их баяртай байна. Хөтөлбөрийн тухайд зөвхөн санхүүгийн болоод хувь хүний хөгжлийн хөтөлбөр байсангүй, бүхэл бүтэн амьдралын сургалт, дасгалжуулалт байж чадлаа. Тус хөтөлбөрийг анх зарлахад нь л бүртгүүлж тэнцэх юмсан хэмээн бодож байсан. Учир нь миний үеийн залуус мундаг ажиллаж, хангалттай хэмжээний мөнгө олж чадаж байгаа ч хэт үрэлгэн, зөв зарцуулдаггүй, зардлаа бичиж тэмдэглэдэггүй, хадгаламж үүсгэдэггүй байгаа нь маш тод ажиглагддаг. Би өөрөө ч тийм байсан. Гэхдээ одоо бол бүх зүйл өөрчлөгдсөн хэмээн ам бардам хэлж чадна. Би сургалтын агуулга, хичээлүүдээс маш их зүйлс сурч, амьдралдаа хэрэгжүүлж байгаа. Мөн оролцогчдыг давхар хөгжүүлэхээр АмЧам, Монголын бизнесийн зөвлөл зэрэг байгууллагуудаас зохион байгуулдаг нэтворкинг арга хэмжээ, уулзалтуудад хамруулж байсан нь туршлага болж өгсөн. Бусад оролцогчдын тухайд бид маш дотно болцгоож, өөрсдийн амьдралд гарч буй өөрчлөлтөө нэгэнтэйгээ хуваалцаж, сургалтаа тэсэн ядан хүлээдэг байсан. Ямартай ч залуусын санхүүгийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулахаар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ХААН Банкны хамт олон, хамтран ажилласан АФА академийн багш нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
ХААН Банкны зүгээс хөтөлбөрийн үеэр олон сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулснаас Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт орших Сүүний кластер фермд танилцах аялал зохион байгуулж, оролцогчдодоо жижиг дунд бизнес, эрчимжсэн аж ахуй, дотоодын үйлдвэрлэлийн тухай ойлголт өгсөн юм. Мөн олон нийтэд санхүүгийн боловсрол олгох багийн даалгавар хамгийн олон хүнийг хамарсан үр өгөөжтэй нь байв. Оролцогчид багт хуваагдан олон нийтэд санхүүгийн боловсрол олгох сургалтууд зохион байгуулсан бөгөөд энэ хугацаанд нийт 1,335 хүнд санхүүгийн боловсрол, мөнгөө хэрхэн зөв зарцуулах тухай чухал мэдээллийг өгчээ.
Хөтөлбөр дуусах мөчид үйл ажиллагаагаа нэгтгэн дүгнэхэд зохион байгуулагчдын зорьсноос илүү үр дүн гарсанд, оролцогч залуус маань илүү идэвхитэй, тэмүүлэлтэй байсанд хамтран хэрэгжүүлэгч талуудын зүгээс маш их баяртай байгаа билээ. Хөтөлбөрийн дараа бид оролцогч залуустайгаа дахин уулзалт хийж, хэрхэн өөрчлөлт гарсан тухай ярилцан мэргэжлийн дасгалжуулалтыг үргэлжлүүлнэ.
Энэхүү хөтөлбөр нь тэдний санхүүгийн боловсролоо дээшлүүлэх, санхүүгийн зөв арга барилд суралцаж, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэх урт аяллын зөвхөн эхний алхам байсан юм. Цаашид хөтөлбөрөөс сурч мэдсэн зүйлсээ өөрсдийн гэр бүл, эргэн тойрны хүмүүстээ түгээсээр байх болно гэдэгт итгэлтэй байна.
Бид зогсолтгүй бүтээсээр...
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.