Г.Занданшатар: Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжиж байгаа
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд олон нийтийн саналыг тусгах үүднээс УИХ-ын гишүүд долоо хоногийн турш тойрогтоо ажиллалаа. Тэдний хувьд “эцэг” хуульд ямар замаар, хэрхэн өөрчлөлт оруулах талаар иргэд, олон нийтэд танилцуулга мэдээлэл хүргэснээр санал бодлыг нь сонссон юм. Үүнд, УИХ-ын Тамгын газраас дэмжлэг үзүүлж, Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнууд болон Үндсэн хуулиар мэргэшсэн эрдэмтэн судлаачид гишүүдтэй хамт явсан бөгөөд иргэдийн асуултад хариулж, санал бодлыг нь нэгтгэснээр Үндсэн хуулийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийнхэнд хүлээлгэн өгөх юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулах ажлын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлийнхэнд өчигдөр мэдээлэл өглөө.
Мэдээллийн эхэнд тэрбээр иргэд, олон нийтийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг бүрэн дэмжсэн бөгөөд зарим заалтыг эргэж харах шаардлагатай талаар санал бодлоо илэрхийлснийг тодотгосон. Тухайлбал, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох, сахилга батыг сайжруулах тухайд бие даасан зүйл, заалт нэмэх хэрэгтэйг олонтаа хэлсэн байна.
Түүнчлэн шүүхийн бие даасан, хараат бус байдал алдагдсан, нэр хүнд нь муу байгаа учраас шүүх засаглалтай холбоотойгоор Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд болгоомжтой, ул суурьтай хандахыг зөвлөжээ. Энэ талаар болон зарим асуудлын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар олон жил ярьсан. Ер нь энэ хуулийг өөрчлөх зайлшгүй ямар шалтгаан байсан юм бэ?
-Үндсэн хуулийг 1992 онд баталснаас эхлээд л өөрчлөх, засах хэрэгтэйг ярьж эхэлсэн. Ийм яриа бүхэл бүтэн 27 жил үргэлжилсэн. Тиймээс 2000 онд “дордохын” гэж нэрлээд байдаг долоон өөрчлөлтийг хийсэн. Ингэснээр Үндсэн хуулиа дээрдүүлсэн эсвэл дутуудуулсан, хэтрүүлсэн зүйл ч бий.
Жишээлбэл, УИХ-ын 51 гишүүнээр ирц бүрддэг байх заалтыг оруулж ирсэн. Гэтэл нэг нам 50 гишүүнтэйгээр сонгуульд ялалт байгуулахад нэг хүн байхгүй бол ирц бүрдэхгүй байснаас 160 удаа хурал хаясан, тэр хэмжээгээр Засгийн газар огцорч, ажил явахгүй, Ерөнхий сайдаа томилж чадахгүй байсан гээд олон бэрхшээл тулгарч байсан. Үүнд үндэслэн 2000 онд 39 гишүүн буюу олонхоороо ирц бүрдүүлдэг болсон. Гэтэл одоо 39 гишүүнээр ирц бүрдүүлж, тэдний олонх буюу 20 гишүүн хууль баталдаг болсон. Энэ 20 гишүүний 15 нь Засгийн газрын гишүүн байвал УИХ-ын хууль батлах үндсэн чиг үүрэг нь алдагдана гэсэн үг. Тиймээс нийт гишүүдийн олонх буюу 39 гишүүн зөвшөөрч байж хууль батлахаар нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм. Энэ мэтээр амьдралд тулгарч байгаа олон асуудлаас үүдэлтэйгээр хамгийн сайн гэсэн шийдлийг нэмэлт өөрчлөлтөд тусгасан. Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс бол хүний эрх. Хүний эрхийг хамгаалахад сайн хууль гаргах буюу хууль тогтоох эрх мэдэл, түүнийг хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдэл, түүнд нь хяналт тавих нь шүүхийн үүрэг. Ийм гурван эрх мэдэл бие биеэ хянаж байхыг Үндсэн хуулийн хяналт, тэнцэл гээд байгаа юм.
Монгол Улс нэг хүнд ногдох хэвлэл мэдээлэл, банк, их, дээд сургууль гээд олон зүйлээрээ дэлхийд нэгдүгээрт ордог. Үүнээс хамгийн сайн үзүүлэлт нь нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ тэргүүлдэг явдал. Хэтэрхий олон банк байхаар зээлийн хүү буурахгүй байна.
4-5 телевиз байхад л зах зээлтэйгээ уялдаад хөгжөөд явчих боломжтой байх жишээний. Манай улсын бүх систем нэг хэсэг нөхөөс бүрээрээ задарсан бол одоо нийгмийн шаардлагаар нэгдэх чиглэл рүүгээ явна. Сонин, сайт гэхэд нэгдсэн нэг биш олон холбоотой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэхэд 100 гаруй холбоо байна. Энэ мэтээр нэгдэх шаардлага, нийгмийн захиалга олон салбарт үүссэн. Энэ бүхнийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаад шалтгаан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, задралаас нэгдэл рүү явах боломжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж ойлгож болно. Түүнээс гадна Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн хугацаанд ярьж, судалж, ард түмнээс санал авсны үндсэн дээр олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Ингэснээр сайн, зөв зүйл гэсэн бүхнийг нь шигшиж байгаа. Үндсэн хуульд зарим өөрчлөлтийг заавал тусгах ёстой гэж зарим хүн тулгаад байгаа. Гэтэл Б.Чимид багшийн хэлсэнчлэн Үндсэн хууль бол хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөө биш. Түүний томьёолсноор, Үндсэн хууль бол ард түмний хүсэл эрмэлзлэлийг араг яс, судсаар зангидсан тогтолцоо. Түүнээс нэг л судсыг таслахад системд шарх үүсгэнэ, үүнийг дордуулсан долоон өөрчлөлт тод харууллаа гэж хэлж байсан. Энэ системийн шарх 2000 оноос хойш хүндэрсээр буглаа болж, системээ доголдуулаад байгаа учраас засах нь зайлшгүй шаардлага юм.
Үндсэн хуулийг дагуулж, 25 хуульд өөрчлөлт оруулахаар тооцоолж байна. Ямартай ч, танилцуулга хийх явцад иргэдийн олонх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна.
-Ерөнхий сайдыг огцруулах санал гаргахдаа дараагийн Ерөнхий сайдын нэрийг хамтад нь өргөн барихаар төсөлд тусгасан. Гэтэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг сөрөг хүчний зүгээс тавибал дараагийн хүний нэрийг оруулж ирэхийн тулд эрх баригч намтай “тохиролцохоор” болчихож байгаа юм биш уу. Зарчмын хувьд зөрчилтэй заалт шиг харагдаад байна?
-Өнгөрсөн 27 жилийн хугацаанд 13 Засгийн газар огцорсон, дунджаар найман сарын насжилттай байна. Огцруулах үндэслэл нь хууль зөрчсөн гэхээсээ нам хооронд болон дотоод зөрчлөөс үүдэлтэй. Ийм байдлаар 13 Засгийн газар огцорсноор нийтдээ 300 сайд солигдсон байх жишээтэй. Дараагийн хүнийг томилсноор тухайн Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно гэх санаа анхны Үндсэн хуульд байсан. Ерөнхий сайдыг шинээр сонгосноор тухайн Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно гэсэн ойлголт. Энэ удаагийн өөрчлөлтийн гол санаа сөрөг хүчин нь Ерөнхий сайдыг огцруулахдаа бус олонхын дэмжлэг авсан хүнийг Ерөнхий сайдаар томилъё гэж байгаа юм. Дараагийн Ерөнхий сайдыг томилохын тулд өмнөх Ерөнхий сайдтай харьцуулахаас гадна дараагийн хүн нь илүү байж чадах эсэх гээд УИХ-ын гишүүд төдийгүй ард түмэн таних боломж бий болно гэж үзсэн. Мөн Засгийн газар илүү тогтвортой байх нөхцөл бий болно.
Дэлхийн бусад улсад өндөр босготой байдаг юм билээ. Тиймээс Засгийн газрыг огцруулах асуудлыг хязгаарлах үүднээс энэ заалтыг оруулж өгч байгаа юм. Энэ бүх зүйлийн цаад шалтгаан нь Үндсэн хуульдаа биш хүндээ байна гэж зарим нь ярьдаг.
Гэтэл 76 гишүүн, Ерөнхийлөгч, шүүгчээр гэгээрсэн бурхан олж томилох хэцүү шүү дээ. Сайн тогтолцоонд муу хүн байсан ч сайн ажиллана, муу тогтолцоонд сайн хүн байсан ч муу тогтолцоондоо уусдаг. Гүйцэтгэх эрх мэдэлд хяналт буюу Засгийн газрыг огцруулах эрх нь бий. Эцсийн дүндээ төрийн бодлого тогтвортой байх нь чухал. Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдлийг огцруулах олон үйлдэл, тохиолдол гардаг. Гэтэл шүүхэрхмэдэл хөдөлдөггүй. Шүүхийг хууль зөрчлөө, хулгай хийлээ гээд огцруулах эрх зуйн тогтолцоогүй. Энэ үүднээс л шүүх эрх мэдэлтэй холбоотой хэд хэдэн заалтыг төсөлд тусгасан.
-ШЕЗ-ийг арван хүний бүрэлдэхүүнтэй болгоод, тавыг нь УИХ-аас нэр зааж оруулах заалтыг төсөлд тусгасан. Үүнийг УИХ хууль шүүхэд бодитоор нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэгсэд байна?
-Иргэдтэй уулзаж байхад хамгийн их шүүмжлэл дагуулсан нь шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтууд байна. Шалтгаан нь ерөөсөө л шүүгчид итгэх ард түмний итгэл алдарчээ. Өчигдөр л гэхэд ҮАБЗ хуралдаад, эрхээ зөрчсөн 17 шүүгчийг чөлөөлсөн. Энэ шүүгчдийг түдгэлзүүлж байгаад шалгахгүй бол шүүгчийг шалгах боломжгүй, хаалттай байгаад байна. Тиймээс дээрх заалтыг шүүх эрх мэдэл рүү халдсан гэхээс илүү хараат бус, хариуцлагатай болгох талаас нь харах хэрэгтэй. Ийм ч зорилгоор тусгасан заалт байгаа юм. ШЕЗ бол шүүгчдийг томилдог гол байгууллага. Нэг институцээс бүрэн хамааралтай байхаар шүүгчид хараат бус байна гэж үзсэн учраас Шүүгчийн хариуцлагын хараат бус зөвлөл байгуулна. Өнөөдрийн байдлаар шүүгчид хууль бус ажиллагаанд оролцлоо гэхэд хариуцлага тооцох эрх зүйн орчин хангалтгүй байгааг илүү тодотгож байгаа юм.
-Парламентын гишүүдийн хариуцлага, эгүүлэн татахтай холбоотой заалтыг төслөөс яагаад хасав. Иргэдийн зүгээс ийм заалтыг Үндсэн хуульд оруулах ёстой талаар одоо ч саналаа хэлсээр байна?
–Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн тоог нэмэх талаар нэлээд ярьсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд парламент, Ерөнхийлөгч, Засгийн газар өөрийнхөө эрх мэдлийг, бүрэн эрхийг сунгах санал гаргах эрх байдаг. УИХ-ыг анх 143 гишүүнтэй байх саналыг Үндсэн хуульд оруулж байсан ч хэлэлцүүлгийн явцад 76 болгосон. Тухайн үеийн хүн амын тоо, бусад зүйлтэй уялдуулж 76 болгосон хэрэг. Харин энэ удаад УИХ-ын гишүүдийн хариуцлагатай холбоотой заалтыг оруулсан ч холбогдох байгууллагуудаас санал авах үеэр дэмжээгүй учраас хассан. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн хариуцлагатай холбоотой заалтыг эргэж харах боломжтой. Үүнээс гадна гишүүдийн хариуцлагыг хоёр талтай ойлгох хэрэгтэй. Мэдээж хариуцлагатай байлгах үүднээс Дэгийн тухай хуулиар зохицуулж байгаа. Ёс зүйн зөрчил гаргах, хуралдаа суухгүй бол цалин хасах гэх заалтыг нэмсэн, органик хуулиар ч зохицуулах боломжтой.
УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг боловсруулсан, УИХ-д удахгүй оруулж ирнэ. Нөгөө талдаа гишүүд тойргийн ажил, харьяалах байнгын хороо, яамдын чиг үүргийн уулзалт, олон улсын хурал зөвлөгөөн гэх мэтээр маш их ажилтай байдаг. Тиймээс шууд утгаар нь гишүүд хариуцлагагүй байгаагаас хурал тасалдаг гэж ойлгож болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас гадна гишүүдийн Ёс зүйн дүрмийг баталснаар УИХ-ын гишүүд илүү хариуцлагатай болно гэж үзэж байгаа.
-Үндсэн хуулийг батлахад хамгийн гол зүйл нь харилцан ойлголцол, зөвшилцөл. Гэтэл өнөөдрийн байдлаар АН-ынхан хуралд суухгүй, Ерөнхийлөгч саналаа өгөөгүй байна шүү дээ. Энэ тухайд нэгдсэн зөвшилцөлд хүрэх үү?
-Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ч гэсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дэмжиж байгаа. Одоогийн хэлэлцэж байгаа төсөл бол гурван ч парламент дамнасан. Намууд болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ажлын хэсэг ажиллаж байна. Улс төрийн 13 нам дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Хамгийн гол нь ард түмэн Үндсэн хуулиа өөрчлөхийг дэмжиж байгаа явдал юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин