Г.Занданшатар: Өөрчлөхийн тулд өөрчлөх санаа бодол ч агуулаагүй
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны зургадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлэг энэ долоо хоногт эхэлнэ.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд Байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасны дагуу УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонсож байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.06.24) Тусгаар тогтнолын ордноо болсон “Ардын индэр” уулзалтад оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулав.
Тэрбээр, “1992 оны Үндсэн хууль шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг дагаад нэмэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Энэхүү өөрчлөлтөд Улсын Их Хурал "долоо хэмжиж, нэг огтлох" зарчмаар хандсан. Судалгаа хийж, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан, улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, давхардсан тоогоор 5.4 сая санал иргэдээс хүлээж авсан. Эрдэм шинжилгээний хэд хэдэн хурал хийж, Үндсэн хууль судлаач, эрдэмтэд, Үндсэн хууль тогтоогчдын санал, дүгнэлтийг авсан. УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулсан. УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Хорь гаруй жил яригдаж ирсэн бөгөөд өөрчлөхийн тулд өөрчлөх санаа бодол ч агуулаагүй. Сүүлийн 20 гаруй жил иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төр, нийгмийн зүтгэлтнүүдээс Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг боловсронгуй болгох, өөрчлөх талаар удаа дараа санал гаргасаар ирсэн. Улсын Их Хуралд дөрвөн ч удаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байсан. Эдгээрийг үндэслэн Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой, эсэх асуудлаар судалгаа хийсэн. Судалгааны дүн, ирсэн саналаас үзвэл Монгол Улсын иргэдийн дийлэнх олонх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна.
Бид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засах гэж байна. Нийгмийн баялгийн тэгш хуваарилалт, байгалийн баялагтаа ард түмэн эзэн байх зарчмыг тусгаж байна. Засаглалын тэнцвэртэй байдлыг хангаж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж байна. Энэ бүхэн ард түмэн, нийгмийн шаардлага юм. Хүний эрхийг хангахын тулд засаглал хоорондын харилцан тэнцэл, хяналтын тогтолцоо сайн байх ёстой.
Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна. Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, эвсэл холбоод, нийт ард түмэн маань хэлэлцүүлэгт өргөнөөр оролцож, санал бодлоо илэрхийлж байна” хэмээн онцлов.
“Ардын индэр” уулзалтад оролцсон иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, УИХ-ын хаврын ээлжит чуулганаар батлах нь зүйтэйг хэлж байлаа.
Иргэд тогтвортой, хариуцлагатай, хүний эрхийг хамгаалж, дэмжсэн бодлого гаргадаг төртэй байхыг хүсэмжилж буйгаа уулзалтын үеэр УИХ-ын даргад уламжилж байсан юм. Тэд энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийснээр төрд итгэх итгэл сэргэж, нийгэмд үүсээд байгаа тэгш бус байдал арилж, хүн бүр эрх тэгш болох нөхцөл бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Тухайлбал,
Чингэлтэй дүүргийн иргэн н.Нэмэхбат: Төрд итгэх итгэл алдарсан. Засгийн газар тогтворгүй учраас төрийн алба түүнийг дагаад тогтворгүй болсон. Сонгуулиар чаддаг хүмүүсийг нь халж сольчихдог. Төр тогтворгүй байхаар хувийн хэвшлийн үйл ажиллагаа ч сайн явагдахгүй гацдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар нарийвчилсан зохицуулалт оруулах шаардлагатай. Магадгүй Үндэсний хөгжлийн яамтай байхаар заах хэрэгтэй байх. Тэгвэл төрийн бодлого тасрахгүй, залгамж чанартай байна. Мөн сум, дүүргийн хүн ам харьцангуй байхад Үндсэн хуулиараа адилтгаж үздэг нь буруу байна.
Баянгол дүүргийн иргэн н.Сандаг: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яах аргагүй нийгмийн зүй ёсны шаардлага юм. Үндсэн хуульд тусгаснаар байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээмжтэй байлгах үндсэн зарчмыг бүрдүүлсэн нь ач холбогдолтой байна. Мөн УИХ, Засгийн газрыг илүү хариуцлагатай болгох зохицуулалт түлхүү орсныг дэмжиж байна. Харин намын санхүүжилтийг төрөөс хариуцахыг дэмжихгүй байна. Цөөн хүн амтай манай улсад хэтэрхий олон улс төрийн нам байна. Үйл ажиллагаа явуулдаг эсэх нь мэдэгддэггүй. Тиймээс нам байгуулах шалгуурыг өндөрсгөж өгөх хэрэгтэй.
Баянзүрх дүүргийн иргэн н.Гонгор: Үндсэн хуулийн оршил хэсэгт “Төрийн зохицуулалттай чөлөөт эдийн засагтай улс байна” гэсэн өгүүлбэр оруулах хэрэгтэй. Зохицуулж байна гээд өргөн хэрэглээний барааны үнийг хатуу тогтооно гэсэн үг биш. Төр тодорхой хэмжээгээр зохицуулалт хийхгүй бол хэтэрхий задгай байгаад байна. Нийгэмд гарсан аливаа завхралыг хянахад Хянан шалгах хороотой байх нь зөв. Мөн хариуцлага алдсан УИХ, Засгийн газрын гишүүдийг эгүүлэн татдаг зохицуулалтыг төсөлд тусгах хэрэгтэй.
Ийнхүү иргэд шүүхийн хараат бус байдал, Ерөнхийлөгчийн эрх хэмжээ, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын томилгоотой холбоотой асуулт асууж, санал бодлоо хуваалцсан юм. Мөн иргэд бичгээр саналаа өгч байлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр, “Иргэдийн дунд байгалийн баялгийг төрийн өмч байх мэтээр буруу ойлголт яваад байна. Үндсэн хуулийн байгалийн баялаг нь ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн өмнөх зохицуулалт хэвээрээ байгаа. Гагцхүү байгалийн баялаг буюу стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглахдаа ард түмнээрээ хэлэлцүүлж байж ашигладаг болно гэсэн тодотгол орж байгаа.
aЭнэ парламент л өөрчилж чадахгүй бол дахин 20 жил хүлээнэ. Шинэ юм бүхэн эсэргүүцэлтэй тулгардаг. Иймд ард түмнээрээ хэлэлцүүлж, санал бодлыг нь тусган ажиллаж байна. Бид нийтийн том эрх ашгийн төлөө хүчээ нэгтгэж урагшлахыг зорьж байна. Энэ бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нэг том зарчим юм” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.