“НЭР ДЭВШИГЧИД МӨНГӨ ЦАЦАЖ, ИНФЛЯЦИ ХӨӨРӨГДӨХГҮЙ, ТӨСВИЙН МӨНГӨӨР СОНГУУЛЬДАХГҮЙ”
Цэцээс өчигдөр Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгуулийг товлосон УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзлээ. Үндсэн хуулийн цэц шийдвэрээ УИХ-д өргөн мэдүүлж, хүлээн авах эсэх асуудлыг нь 15 хоногт багтаан хэлэлцүүлэх учиртай. Энэ процесс хамгийн багадаа ажлын 10 хоног үргэлжилнэ. Гэвч Сонгуулийн тухай хуулиар улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулж, албан ёсоор бүртгүүлэх хуулийн хугацаа тулчихаад байна.
Тиймээс ч ирэх сарын 30-ны өдөр товлогдсон Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгууль “болохгүй” байх бодит нөхцөл байдал үүсэв. Уг нь тус сонгуульд оролцох эрхээ улс төрийн 11 нам Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор аваад байсан.
Улмаар МАХН-ын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байв. Ардчилсан намын тухайд Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар өрсөлдөхөөр болж, нам нь дотооддоо бэлтгэлээ базааж байсан. Харин МАН-ын тухайд нөхөн сонгуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөнө гэгдэж, аймагтаа долоо хоногийн турш ажилласан билээ.
Гэвч Ерөнхий сайдыг Хэнтий аймагт ажиллаж байх зуур Үндсэн хуулийн цэц дээр иргэд маргаан үүсгэсэн учир нөхөн сонгууль болохгүй нь гэсэн таамгийг нам дотроо дэвшүүлсэн. Тиймээс ч зориудаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дараа МАН-ын Бага хурлыг товлоод байв. Яг МАН-ын таамагласанчлан Үндсэн хуулийн цэц иргэдийн гомдлыг хүлээж авлаа.
Нэр дэвшинэ гэдгээ ил, далд хэлбэрээр илэрхийлээд байсан эрхмүүд дундаас хамгийн хүнд байдалд орсон нь хуульч Л.Батжав юм. Тэрээр өнгөрсөн оны сүүл үеэс хойш Хэнтий аймгийн 42-р тойрогт бие даан нэр дэвшихээр хувийн бэлтгэлээ базаан, тасралтгүй ажиллаж байсан нэгэн юм.
Өнгөрсөн хугацаанд хуульч Л.Батжав Хэнтий аймагт тасралтгүй ажиллаж, сошиал орчинд ч идэвхтэй дүр төрхийг бүтээж амжсан. Гэвч бие даан нэр дэвших асуудлаар яг гарын үсгээ цуглуулах үеэр нь Хэнтий аймгийн нөхөн сонгууль цуцлагдав.
Хэнтий аймгийн тухайд, 42-р тойрог хэдий УИХ-д төлөөлөлгүй байгаа ч 2019 онд хамгийн их бүтээн байгуулалт суулгасан аймгуудын хоёрдугаарт жагсаж буй. Саяхан Ерөнхий сайд ажиллах үеэрээ сумдуудад аж ахуйн шинжтэй олон асуудлуудыг нь шийдэхээ амласан зэрэг эерэг үр дүнтэй байгаа юм.
Иргэд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсны дараа “Нэр дэвшигчид нь баахан мөнгө цацаж, инфляци хөөрөгдөхгүй. Төсвийн мөнгөөр сонгууль хийхгүй. Харин ч амар юм боллоо. Одоо нэг жил хүрэхгүй хугацаанд төлөөллөөр яадаг юм” гэх байр суурь илэрхийлсэн нь анхаарал татав.
Нөгөө талд “Заавал нөхөн сонгууль зохион байгуулах ёстой. Ард иргэдийн төлөөллөө парламентад суулгах Үндсэн хуулинд заасан эрх нь зөрчигдөж байгаа. Үндсэн хуулийн цэц хэт нэг намын талд үйлчиллээ” гэх шүүмжлэлийг хэлж байгаа юм.
Ж.МЯДАГБАДАМ
eguur.mn