Хүүхдийнхээ төлөө гэртээ үзлэг хийгээрэй!!!
Гэмтэл согог судлалын үндэсний төвд өдөрт дунджаар таван хүүхэд хүнд хөнгөнөөр түлэгдэж ирдэг байна. Түлэгдсэн хүүхдүүдийн 80 гаруй хувь нь гэр хорооллын хүүхдүүд байдаг бол тэд ихэвчлэн халуун тогоонд түлэгдэж ирдэг аж. Эцэг, эхийн хариуцлагагүй байдлаас үүдсэн энэ байдал хүүхдийн амь насанд хүртэл аюул учруулж байна. Үүнээс гадна урин дулааны цагт иргэд хөдөө хээр аялал зугаалгаар явахдаа хүүхэддээ тавих анхаарлаа сулруулсанаас болж олон эрсдэл дагуулж байдаг Тухайлбал, сүүлийн үед бага насны хүүхэд усанд осолдож амь насаа алдах, 14-16 насныхан газ үнэрлэж мансуурах, могойд хатгуулах, тээврийн хэрэгслээр зорчихдоо хүүхдэд зориулалтын суудал хэрэглүүлдэггүй, мөн халуун бүгчим үед хүүхдийг машинд цоожилж үлдээх зэрэг үйлдлүүд нүдэнд ил тод харагдаж байдаг. Тэгвэл энэ бүхнээс урьдчилан сэргийлэх үүднээс ГЭРТЭЭ ҮЗЛЭГ ХИЙГЭЭРЭЙ. Бид өөрсдөө мэдэхгүй зарим тохиолдолд хүүхдүүддээ аюултай орчин бүрдүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Монголын эмэгтэйчүүдийн холбооноос ирэх 7 хоногийг "Хүүхдэд ээлтэй, аюултай орчинд бүрдүүлэх 7 хоног"-оор зарлалаа. Энэ хүрээнд ээж, аавууд та бүхэн гэр гэртээ үзлэг хийхийг уриалж байна. Таны хүүхдэд аюултай халуун тогоо, ус буцалгагч, элдэв эм бэлдмэл, ахуйн хэрэглээний бодисууд, хайч хутгаа зохих газарт байршдаг эсэхийг анзаарч нэг хараарай. Энэ нь хүүхэд хамгаалахад оруулж байгаа таны багагүй хувь нэмэр юм.
Хүүхдэд аюулгүй амьдрах ахуй орчин, аюулгүй хөгжих нийгэм хэрэгтэй!!!