МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны ээлжит хуралдаан 2019 оны тавдугаар сарын 16-нд боллоо. “Монгол Ардын Намын сонгуультан, намын нэрээр сонгогдож, томилогдсон төрийн улс төрийн албан тушаалтнуудын ёс зүй, гишүүдийн сахилга батыг сайжруулах үүднээс МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо өнгөрсөн оны наймдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар “Монгол Ардын Намын гишүүдийн сахилга хариуцлагыг чангатгах тухай” 16 дугаар тогтоол гаргаж, 2019 оныг Монгол Ардын Нам “Сахилга бат, хариуцлага, зохион байгуулалт”-ын жил болгосон юм.
Гэвч сүүлийн үед Монгол Ардын Намаас санал болгож, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж буй намын нэр бүхий гишүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тухайлан нэр заан шүүмжлэх болсныг МАН-ын ХЕХ-ны гишүүд баримттайгаар нягтлан хэлэлцээд тогтоол гаргав. Уг тогтоолд Монгол Ардын Намын гишүүн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөх болон таван жилийн хугацаатайгаар МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзах, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт таван жилийн хугацаатайгаар МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхээс тус тус татгалзаж ажиллахыг намын дүрмийн дагуу МАН-ын удирдлагуудад чиглэл болголоо.
Түүнчлэн МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдож төрийн мэдээлэлд ойр байдлаа далимдуулан ЖДҮ-ийг Дэмжих сангаас зээл авч ашигласан гэх УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдийн үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх асуудлыг түргэтгэж, тэдний сахилга, ёс зүйн тодорхойлолтыг Хяналтын Ерөнхий Хороонд 2019 оны зургадугаар сарын 15-ны дотор ирүүлэхийг УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн даргад үүрэг болгов.
Мөн зарим НАШБ-ын сонгуульт гишүүдийн ёс зүйн зөрчлийг хэлэлцээд ноцтой алдаа гаргасан нэр бүхий гишүүнийг МАН-аас гарсанд тооцлоо.
МАН-ын ХЕХ-ны Ажлын алба