Г.Лхагвасайхан: Олон талаасаа сэтгэл гаргаж ажиллавал шүдний өвчлөл 50-иас дээш хувь буурна
Шүдний цоорол хүүхдийн биеийн өсөлт төдийгүй оюун ухаан, сэтгэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг Япон, АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс улс орон даяар хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг дэмжин ажиллаж буй, сонгон шалгаруулалтад тэнцсэн “Бест” шүдний эмнэлгийн их эмч Г.Лхагвасайхантай ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2019-2023 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөр танд хэр үр дүнтэй санагдав. Хөтөлбөрт шалгарч хамрагдсан шүдний эмнэлгүүдийн ачаалал их байна гэж сонссон?
-Ачаалал өмнөхөөс илүү нэмэгдсэн. Монголчууд “Шүд эрүүл бол бие эрүүл” гэж ярьдаг. Энэ зүйр цэцэн үгээрээ эрүүл амьдрах ухааныг бидэнд өвлүүлсэн. Амны хөндийн ариун цэвэр сайн бол биеийн ерөнхий байдал сайн байдаг гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Үүнийг хэрэгжүүлэхээр Монгол Улс үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь тун сайшаалтай. Манай шүдний эмч нарын холбооны мэргэжилтнүүд олон жил уйгагүй хөөцөлдсөний үндсэн дээр хөтөлбөр ийнхүү хэрэгжлээ. Өмнө нь хоёр ч удаа хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч улс төрийн тогтворгүй байдал, сонгуулийн шоу болоод цааш үргэлжлээгүй.
Миний хувьд, энэ хөтөлбөр цаашид үр дүнтэй хэрэгжээсэй гэж энэ салбарт ажилладаг эмчийн хувьд бодож дэмжсэн. Тухайн улс иргэддээ амны хөндийн эрүүл мэндийн боловсрол зөв олгохоос эхлээд шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд гэр бүлийн хариуцлага, оролцоо нөлөөлж байж амны хөндийн өвчлөл буурна. Түүнээс биш ганц эмч, эмнэлэг, улс харж үзнэ гэсэн бодлоор хандвал энэ асуудал цэгцрэхгүй.
-Өндөр хөгжилтэй орнууд шүдний цоорлыг хувь хүний өөрийнх нь соёлтой холбож үздэг. Тэр хэрээр шүдний эмчилгээ өндөр байдаг тухай уншиж байсан юм байна?
– Дэлхийд иргэдийнхээ амны хөндийг эрүүлжүүлсэн, шүдний цооролгүй болсон улс бий. Япон, АНУ, Англи зэрэг улсын туршлагыг судлахад маш их замнал туулсан байдаг. Тэгэхээр Монгол Улс дэлхийн улс орнуудын түүхэн замналыг судлан, бодлого боловсруулж хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл бэлэн туршлага байна. Дэлхийн хөгжилтэй орнуудын хүн амаа эрүүл байлгадаг хөгжил, бодлогоос бид суралцах ёстой.
Амны хөндийн өвчлөл, эмэгтэйчүүдийн өвчнийгдэлхийн хөгжилтэй орнууд хувь хүний өөрийн арчилгаа, эрүүл мэндийн боловсролоос шууд хамаардаг өвчин гэж үзээд төдийлөн даатгалд хамруулаад байдаггүй. Харин урьдчилан сэргийлэх талаас нь илүү анхаардаг. Гадаад оронд шүдний төлбөр маш өндөр байдгийг дэлхийгээр тархсан монголчууд бүгд мэдэж байгаа. Шүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулдаг орон цөөн эсвэл даатгалдаа хөнгөн эмчилгээг л хамруулна. Жишээ нь, Америкт даатгалгүй бол нэг шүдний сувгийн эмчилгээ 1500-аас дээш ам.доллар байдаг. Манай гадаадад байгаа зарим иргэд шүдээ эмчлүүлэхийн тулд Монголдоо ирдэг, гадаадын иргэд ч гэсэн ирж шүдээ эмчлүүлдэг. Тэгэхээр эрүүл мэндийн бусад салбараас манай салбар дэлхийн жишигт хүрсэнд бахархалтай байдаг. Хөгжиж буй буурай орны тоонд багтдаг ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өндөр хөгжилтэй орны хэмжээнд үзүүлэх ёстой гэж үздэг.
Гэхдээ манай орны хувьд хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол туйлын муу байгаа учир энэ тал дээр илүү анхаарч, одоогийн нөхцөл байдал дээр анхаарах асуудлын нэг болчихоод байна.
-Хөтөлбөр хэрэгжснээс хойш эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн гэж байсан. Ер нь хүүхдүүдийн шүдний өвчлөл хэр байна?
-Хүүхдийн шүдийг эрүүл байлгах асуудлын 70 хувь нь эцэг, эхээс шууд хамааралтай. Шүдний эмч нараас хамааралтай нь 15 хувь , улсаас хамааралтай 15 хувь гэж үзэж байгаа. Шүдийг цооролгүй эрүүл байлгахад гэр бүлийн оролцоо их чухал. Улаанбаатар хотод олон шүдний эмнэлэг байгаагийн хэрээр хүүхдүүдийн шүдний өвчлөл гайгүй байх гэж бодож байсан бодол маань бодит байдалтай зөрж байна. Хөдөөд нарийн мэргэжлийн эмч нарын тусламж тэр бүр очдоггүй. Хил хязгаарын нутагт амьдарч байгаа олон хүүхэд шүдний өвчлөлөөр амь насаа алдахад хүрдэг. Шүдний өвчний халдвар цусанд тархахаар эрүү, хоншоорын ясыг хайлуулж ясгүй болох, мөн өвчин нь даамжирч тархи, цээж рүү шилждэг. Манай эмнэлгийн хамт олон 2008 оноос хойш өнөөг хүртэл шүдний эмчийн үйлчилгээ хүрч чаддаггүй газарт очиж эмнэлгийнхээ хандив тусламжаар 2000 гаруй хүүхэд эмчилж эрүүлжүүлсэн. Эмнэлэгтээ томоохон барилга байгуулах хэмжээний хөрөнгө гаргаж эмчилсэн. Энэ нь манай эмнэлгээр үйлчлүүлсэн хүн бүрийн буяны үйлс гэж бодож байна. Гэтэл шүдний 300 гаруй эмнэлэгтэй Улаанбаатар хотын оршин суугчдын шүдний өвчлөл хэрээс хэтэрсэн байна гэдэг дэндүү харамсалтай.Хот суурин газрын хүүхдүүдийн шүдний цоорол их, хүндэрсэн шатандаа байгаа нь эцэг эхийн хариуцлагын асуудал юм.
Хөтөлбөр хэрэгжсэнтэй холбоотойгоор дүүрэг харгалзахгүйгээр хүүхдүүд ирж үйлчлүүлэхэд шүдний өвчлөл нь маш хүндэрсэн байна. Ээжүүддээ хандаж хэлэхэд, үс, хумсаа янзлуудаг нэг удаагийн мөнгөөрөө хүүхэддээ оо, сойзыг нь авч өг, нүүр будах, утас ухдаг цаг хугацаанаас өдөрт 10 минутыг зарцуулаад хүүхдийнхээ шүдийг угааж өг гэж хэлмээр байна. 2-5 настай хүүхдийн10- 20 шүд нь цоорхой байна. Тэгээд гарт нь ундаа, чихэр бариулчихсан ирж байна.
-Зарим эмнэлэг дээр “Хүүхдийн шүдний өвчлөл их, үнэ хямд байна” гэсэн хэл ам гарч байгааг иргэд хэлж байсан. Танай эмнэлгийн хувьд, тулгамдсан асуудлууд гарч байна уу?
– Ихэнх нь 8-16 шүд нь цоорхой хүүхдүүд их байна. Түүнээс 4-6 шүд нь сувгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болчихсон. Эцэг, эх нь “Манай хүүхэд байнга ханиад хүрдэг” гэх ярианаас дүгнэлт хийхэд тэр хүүхэд яаж эрүүл байх вэ. Нянгийн бохирдол аманд нь байхад хэзээ ч эрүүл байхгүй. Мөн хөтөлбөр хэрэгжинэ гэдгийг хүлээсээр байгаад гээд хүндрүүлж буйлнаас нь идээ бээр гоожсон хүүхэд ч ирсэн. Хөтөлбөр хэрэгжээгүй үед шүдний эмнэлгүүдийн үнэ өртөг өндөр байсан тул амьдралынхаа түвшингээс хамаараад хамрагдаж чаддаггүй байсантай холбоотой ч эцэг эхийн хүүхдэдээ анхаарал хандуулдаггүйтэй холбоотой байна.
Шүдний сувгийн эмчилгээг шүдний эмч болгон хийдэггүй. Олон жил ажилласан туршлагатай, чадваржсан эмч сувгийн эмчилгээ хийдэг. Хүүхдэд энэ эмчилгээг хийх маш хэцүү болохоор зарим шүдний эмч сувгийн эмчилгээ хийдэггүй. Тэгэхээр энэ хөтөлбөртэй холбоотой манай эмнэлэг хүний нөөц, цагийн хуваарь, үйл ажиллагаандаа шинээр зохицуулалт хийх шаардлага тулгарсан.
Улаанбаатар болоод хөдөө орон нутагт энэ хөтөлбөрт хамрагдсан ч гэрээгээ цуцалсан шүдний эмнэлгүүд ч бий. Халширч халгасан, эрс татгалзсан ч эмнэлэг бас бий. Монгол эмч л монгол хүнийхээ эрүүл мэндийг хариуцна, түүнээс биш хэн ч хариуцахгүй шүү дээ. Гадаадын орнууд таны эрүүл мэндийг зөвхөн мөнгөний нүдээр л хардаг юм билээ. Би гадаадад эмчилгээ хийлгэж байхдаа мэдэрсэн. Миний хувьд тангараг өргөсөн эмч хүнийхээ хувьд амьдралын ямар ч түвшин давхаргын хүнийг ялгаварлахгүйгээр үзэж, үйлчилдэг. Эмч хүн үйлчлүүлэгчдээ намын болон, шашны ялгаа, өнгө мөнгөний ялгаа гаргаж болохгүй. Хэнийг ч зориод ирсэн эмч хүн эмчлэн эдгээж амьдрал бэлэглэх ёстой. Багш нар маань бидэнд ингэж захиж сургаж ирсэн.Хойч үеэ эрүүл байлгана гэдэг асар том хариуцлага.Тиймээс би эмч хүнийхээ үүргийг ухамсарлаж, үндэсний хөтөлбөрийг дэмжиж хамрагдсан.
-Танай эмнэлгийг хүн рүүгээ чиглэсэн бодлого барьж үйлчилдэг гэж сонссон. Таны бодлоор энэ хөтөлбөрөөс хэр бодитой үр дүн гарах бол?
– Төр-хувийн хэвшил-иргэдийн оролцоо энэ хөтөлбөрийн хэрхэн үр өгөөжтэй байхыг илэрхийлнэ. Тиймээс аль аль нь хүндэтгэлтэй зөв талаас нь харж, хариуцлагатай байх ёстой. Хэрэв олон талаасаа сэтгэл гаргаж ажиллавал өвчлөл 50 -иас дээш хувиар буурна. Хамгийн гол нь тухайн гэр бүл, эмч, хүүхэд, эцэг, эх гэсэн оролцоо чухал. Үүнд эмнэлгийн бодлого ч нөлөөлнө. Энэ эхлүүлсэн ажлыг 2020 оны сонгуулиар битгий үгүйсгээсэй. 2023 он хүртэл хэвээр нь үлдээгээсэй гэж маш их хүсэж байна. Өмнө нь хэрэгжиж байсан иймэрхүү ажил улс төр, намын оролцооноос болж унаж байсан. Монголын шүдний холбооны ерөнхийлөгч байсан Амарсайхан багш энэ ажлыг анх сэдэж эхлүүлж байсан. Баг, хамт олны нэгдэж, сэдэж хийсэн ажлыг дараагийн хүн нь нэр хүндээ үлдээхийн тулд битгий нураагаасай. Шүдний эмнэлгүүд чанартай үзлэг хийх юм бол хүүхдүүдийн шүдний цоорол цэгцэрнэ, газар авсан тархалт ч багасна.
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин