Хүүхдийн ул хавтгайрахаас хэрхэн сэргийлэх вэ?
ХҮҮХДИЙН УЛ ХАВТГАЙРАЛТ ГЭЖ ЮУ ВЭ
Нярай хүүхдүүдийн хөл ихэнхдээ майга харагддаг. Үүнд санаа зовох хэрэггүй. Учир нь хүүхдүүдийн ихэнх нь эргэсэн муруй болон хавтгай тавхайтай төрдөг. Нярай үедээ хүүхэд мариа ихтэй байдгаас нум нь ялгарч харагддаггүй. Хоёр нас хүртлээ хүүхэд хавтгай ултай байхыг эрүүл гэж үздэг. Тиймээс хүүхдийн хөлийн нум сайн ялгарч харагдахгүй ч эрт хөлд орсон бол санаа зоволтгүйгээр дөрвөн нас хүртэл нь ажиглаж болно. Хүүхэд зогсдог болоход ч хөлнийх нь тавхайн булчин, үеүд гүйцэд хөгжөөгүй байдгаас уланд нум үүсээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхэд бүтэн улаараа зогсоход нум харагддаггүй боловч өлмий дээрээ зогсоход нумтай нь мэдэгдэнэ гэсэн үг. Иймээс нярай хүүхдэд “ул хавтгайрах” онош тавьдаггүй. Хүүхэд өсөж том болж тавхайн яснууд бэхжин булчин хөгжихийн хэрээр буюу дунджаар 2-3 насанд улны нум үүсэж эхэлдэг.
Харин хүүхэд тань таван нас хүрээд хөлийн уланд нь нум үүсээгүй бол эмчид хандах хэрэгтэй. Мөн хавтгай ултай удамтай бол удамших магадлалтай. Хавтгай ул гэдэг нь тавхайн яснуудын согог эсвэл ахиллын шөрмөс (шилбэний эрээн булчингийн өсгий ясанд бэхлэгддэг шөрмөс) богиноос шалтгаалан нумгүй байхыг хэлдэг. Үүнийг бид гадагшаа болон дотогшоо майга гэж нэрлэдэг. Гадагшаа гишгэдэг хүүхдэд улны дотор талд биеийн жингийн ачаалал ирдгээс хавтгай ултай болдог. Дотогшоо майга нь ул хавтгайрах түгээмэл шинж. Харин гадагшаа майга нь ул хэт хүнхэр болох шинж юм. Таваас дээш настай хүүхдийн гутлыг зэрэгцүүлэн тавьж шинжээрэй. Улны хавтгайралт болон хэт хүнхэр байх мөн өрөөсөн хөлөнд илэрдэг.
УЛ ЯАГААД ХАВТГАЙРДАГ ВЭ
Манай улсад ойролцоогоор 10 хүүхдийн 1-2 нь хавтгай ултай байдаг гэсэн судалгааны дүн гарчээ. Олон янзын шалтгаанаас болж ул хавтгайрдаг бөгөөд өсөж буй хүүхдэд байнга нумгүй гутал өмсүүлдэг нь ул хавтгайрах үндсэн шалтгаануудын нэг болж байгаа юм. Үүнийг эмч, мэргэжилтнүүд сүүлийн үед Хятад болон Солонгос улсад үйлдвэрлэгдсэн нумгүй хавтгай ултай, хямд гутал хүүхдэдээ өмсгөж байгаатай холбоотой гэж анхааруулдаг. Тулгуур эрхтний систем нь бэхжээгүй хөгжиж буй насанд нь хүүхдэд UGG кээт, пүүз балерина гэх зэргээр нэрлэгдсэн гутал өмсүүлэх нь сөрөг нөлөөтэйг эцэг эхчүүд анхаарахад илүүдэхгүй.
Хүүхдийн хөлийн улны хөгжлийн энэхүү гажиг хамгийн түрүүнд өвдөгт нөлөөлдөг бөгөөд цаашлаад ууц нуруунд муу нөлөөтэй. Түүнчлэн хөлний хүндийн төв өөрчлөгдөж цусан хангамж муудаж, хөл өвдөх шөрмөс татах, нурууны төгсгөл хэсэгт ачаалал нэмэгдсэнээр нуруунд суулт өгөх сөрөг үр дагавартай. Цаашлаад биеийн хүчний ачаалал даах, хурдан гүйх зэрэгт бэрхшээлтэй болдог
Хөлийн тавхайн хэлбэрийг хэвийн, хавтгай, хүнхэр гэж ангилдаг бөгөөд хэвийн хөгжилтэй хөлийн улны хүнхэрийн хэмжээ дунд зэрэг тулах цэгийн гадарга нь хөлийн улны гуравны нэгийг эзэлдэг. Зарим тохиолдолд удаан явахад хөл өвдөх, шөрмөс татах шинж илэрдэг бөгөөд ховор хүнд хэлбэрийн үед хөлийн хуруунуудын хэлбэр өөрчлөгдөж болзошгүй. Хүүхдийг таваас дээш насанд нь хавтгай ултай гэж оношилсон бол хөлийн шөрмөс сунгах дасгал, өвдөлт намдаах аргуудыг ашиглахаас гадна хүнд хэлбэрийн согог илэрвэл яаралтай эмчид хандаарай. Согог заслын эмч үзлэг хийхээс гадна рентген зураг авч шаардлагатай тохиолдолд гутланд нь тухайн хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон нумтай ул хийлгэхийг зөвлөдөг.
ХҮҮХДИЙНХЭЭ ХӨЛИЙН УЛЫГ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ
Хүүхдээ хавтгай ултай эсэхийг мэдэхийн тулд хөлийн уланд нь будаг түрхээд цагаан цаасан дээр гишгүүлээд үз. Гарсан мөр дээрх зургийнх шиг байвал эмчид хандаж зөвлөгөө аваарай.
ХАВТГАЙРСАН УЛЫГ ЗАСАЖ БОЛНО
Хавтгай улны хамгийн сайн эмчилгээ нь байгальтай ойр байж зүлэг, элс, голын захаар хөл нүцгэн явах юм. Ялангуяа, барзгар гадаргуу нь хөлийн цэгүүдэд үйлчилснээр хөлийн нум хэлбэржин тогтдог. Мөн хөл нүцгэн араараа ухарч алхах ч сайн. Хавтгай хөлийг засах нэмэлт хэрэгслүүд байдаг ч голчлон төрөлхийн хавтгай тавхайтай хүүхдэд ашигладаг. Гутлын уланд нэмэлт нум өндөрлөгөө хийх, зориулалтын нум ч хэрэглэж болно. Хэрэв нум хийгээд сайжрахгүй бол хэрэгслийг өөрчлөх шаардлагатай. Өвчин хүндэрснээс хавтгай ултай хүүхдийн хөлийн ул, шилбэний булчин өвдөж зовиурлахаар барахгүй хүчтэй өвдсөнөөс болж заримдаа явж чадахаа больдог. Ийм хүүхдийг ортопед эмчид үзүүлж онош тодруулан, тусгай эмчилгээг цаг алдалгүй эхлэх нь чухал. Тухайлбал, эмнэлэг хүүхдийн байгууллагуудад мэргэжлийн хүмүүсийн хийлгэдэг гимнастик, иллэг, зориулалтын гутал, супинатортой улавч гутал дотор хийж өмсүүлэн, гипсээр хүнхэр гаргаж засна. Мөн бага зэргийн гажигтай бол эмчид үзүүлсний дараа интернэтэд хүүхдийн ул хавтгайрах болон хэт хүнхэр улыг засах дасгалуудыг гажиг засагдтал хийлгүүлэх хэрэгтэй.
ГУТАЛ СОНГОХДОО ЮУ АНХААРАХ ВЭ
Хамгийн түрүүнд улыг нь сайтар анзаарах хэрэгтэй. Гутал хамгийн гол нь стандартын нумтай хөлөндөө яг таарч байх ёстойгоос гадна резинэн гутал удаан хугацаагаар өмсгөх хэрэггүй. Мөн багадсан юм уу томдсон гутал өмсвөл улны хэв, хэмжээ өөрчлөгддөг. Хүүхдийн бие организм байнга өсаж хөгжиж байдаг учраас хөгжлийг нь дэмжсэн гутал сонгох хэрэгтэй. Бид хүүхдийн хөлийг хатуу ултай гутал тулдаг гэж боддог ч үнэндээ хөлийн булчингууд л тулж байдаг. Хөлд орж буй хүүхдийн хамгийн сайн "гутал" бол хөл нүцгэн байх юм. Энэ нь хүүхэд нярай үедээ хөлөөрөө шууд газарт тулж зөв хөгжихөд тусална. Мөн жингийн дутуу, бүтэлттэй төрсөн зэрэг анхаарал халамж шаардлагатай хүүхдэд эдгээр шинж түгээмэл илэрдэг тул жил бүр мэргэжлийн эмчид үзүүлж урьдчилан сэргийлж байхыг Боловсрол судлалын магистр, Биеийн тамирын эмчилгээний арга зүйч У.Даваахүү зөвлөлөө.
Эх сурвалж: Эрүүл мэнд Инээмсэглэл сэтгүүл