Яагаад хонины сүүлний тос арьсанд хэрэгтэй байдаг вэ?
Ардын уламжлалт эмчилгээнд жирэмсэн эхийн хөхний толгой хагарах, гэдэс язрах зэрэгт хонины сүүлний тосыг хэрэглэж ирсэн. Энэ нь үр дүнгээ сайн өгдөг тухай ам дамжсан яриа бий.
Сүүлийн үед Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хонины сүүлтэй биеийн тос, саван үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэдэг болсон. Энэхүү бүтээгдэхүүнүүдийн зарим нь олон улсад өндрөөр үнэлэгдэж, шилдэг органик гоо сайхны бүтээгдэхүүн гэх шагналын эзэн болсон байгаа.
Хонины сүүлний тостой саван үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний шошгон дээрээ “биенд тань хэрэгтэй тэжээлийг нь өгч, чийгшлийг нь хадгалж, тослог байдлыг нь хамгаална” хэмээн бичжээ.
Чухам яагаад хонины сүүлний тос арьсанд хэрэгтэй байдаг вэ.
Химийн хүрээлэнгийн доктор С.Шатар нэгэн ярилцлагадаа “Хонины сүүлний тосыг шаргаахад шингэн, ургамлын тос шиг харагддаг. Монголчууд эрт дээр үеэс хүүхэддээ сүүлний тос өгч байсан нь шинжлэх ухааны үндэслэлтэй. Савангийн найрлагын тодорхой хувь нь хонины сүүлнийх шиг шингэн тос агуулсан байх юм бол арьс зөөлөн, толигор болох ач холбогдолтой. Мөн хүний арьсанд шингэх чадвар төдий чинээ сайн байдаг” хэмээн хэлжээ.
Хонины сүүлний тосыг шууд дангаар нь хэрэглэхэд таагүй үнэртэй байдаг учраас зарим бүсгүйчүүд шууд хэрэглэж чаддаггүй. Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ямар ч үнэргүй, эрүүл ахуй, гоо зүйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болсон. Эфирийн тосыг хонины сүүлний тостой хольсноор нян мөөгөнцөр үржихээс хамгаалж, жинхэнэ гоо сайхны бүтээгдэхүүн болдог тухай доктор С.Шатар хэлжээ.
Гэхдээ үнэрийг нь асуудал биш гэж үзээд, гэрийн нөхцөлд гар аргаар хонины сүүлний тосыг язралтаас сэргийлэх зорилгоор хэрэглэх гэж байгаа бол шарах бус жигнэж, шаргаах аргаар сүүлний тосыг ялган авахыг эмч зөвлөж байна. Учир нь тосыг хэт халааж, өндөр температурт хайлуулах нь бүтцэд нь өөрчлөлт оруулж, хортой нэгдэл бий болоход нөлөөлдөг ажээ.
Хонины сүүлний тосыг түрхсэнээр зарим бүсгүйчүүд язралтаас ангижирч чадсан байдаг бол зарим нь төдийлөн үр дүнд хүрээгүй байдаг юм. Учир нь язралт нь арьсны доор байрлах холбогч эдүүдийн гэмтэл, тасралт бөгөөд хүн бүрийн арьсны онцлогоос хамаарч өөр өөр байдлаар явагддаг. Хонины сүүлний тосыг хэрэв түрхэхээр бол маш сайн иллэг хийж, бүрэн шингээх нь үр дүнтэй байдаг ажээ. Ингэх нь холбогч эдүүдэд шаардлагатай эмин дэмийг гаднаас нь өгч байгаа хэлбэр юм.
Мөн жирэмсэн болохоосоо өмнө, эсвэл жирэмсэн болохоор төлөвлөж буй бүсгүйчүүд хэрэглэж байх нь үр дүнд илүү сайнаар нөлөөлнө. Учир нь хэт хуурай, хатуу арьстай бүсгүйчүүдийн гэдэс гэнэт томорч эхлэхэд язралтыг хурдан хугацаанд зогсоох боломжгүй байдаг.
Зарим хүмүүс хонины сүүлний тосыг түрхэх нь урагт ямар нөлөөтэй вэ гэж эргэлзэж байж магадгүй юм. Хоол зүйч эмч Д.Дэлгэрмаагийн хэлснээс хонины сүүлний тосыг түрхэх нь урагт ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Учир нь цэвэр байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүн ажээ.
Ямартай ч хонины сүүлний тосны үр ашгийн талаар мэргэжлийн эмч нар ийм мэдээлэл өгч байна. Харин та хонины сүүлний тосыг гэрийн нөхцөлд боловсруулан хэрэглэхээр бол дээрх зөвлөгөөг дагаарай.
Эх сурвалж: Фэйсбүүк