Хэнтий аймгийн 42 дугаар тойргийнхон парламентад төлөөлөлгүй болсоор нэг орчим жил өнгөрч буй. Учир нь УИХ гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт нэр холбогдож, өнгөрсөн жилийн зургадугаар сард гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн учраас УИХ-аас тус тойрогт нөхөн сонгууль явуулахаар шийдвэрлэж, сонгуулийн санал авах өдрийг 2019 оны зургадугаар сарын 30-нд байхаар тогтоосон билээ.
Тэгвэлд одоо 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох Хэнтийн 42 дугаар тойрогт улс төрийн нам, эвслээс хэн гэдэг нэр дэвшигчийг сойж, бие даагчдаас хэн гэдэг аавын хүү “гарч ирэх” бол гэсэн таамаг ирэх наадмын бөхийн таавраас илүү олны анхаарлыг татаж байна.
Ямартай ч, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд хэн өрсөлдөж, намдаа ялалтын тугийг мандуулах вэ гэдэг хүлээлтийн хариу гарахад ердөө хоёрхон сарын хугацаа үлдлээ. Тэгвэл улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж буй нэрсийг эхний байдлаар харцгаая.
АН
АН-аас хамгийн нэр дэвших магадлал өндөртэй хүнээр УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар нарыг нэрлэж болно. 2016 оны сонгуулиар Д.Гантулгад өвдөг шороодсон Ж.Оюунбаатарын тухайд өнгөрсөн хугацаанд зүгээр суугаагүй нь хэнтийчүүдийн түүнд ам сайтай байгаагаас харж болно. Тэрбээр УИХ-ын сонгуульд өвдөг шороодож, аймгийн Засаг даргын ажлаа өгснөөсөө хойш Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд даргын албыг хашиж буйн дээр өөрөө төрийн карьераа үргэлжлүүлэх сонирхол байгаа нь ойлгомжтой. Гэсэн ч Ж.Оюунбаатарын хувьд нөхөн сонгууль гэхээс илүүтэй 2020 онд нэр дэвшихийг илүүд үзэж байгаа гэдгийг хэлэх хүмүүс ч байгаа юм.
Харин Б.Гарамгайбаатарын тухайд 2000 оноос хойш АН-ынханд нүүр өгөлгүй, МАН-ыг сонгож ирсэн Хэнтий аймгаас 2012 онд анх удаа сонгогдсон АН-ын гишүүн. Хэдийгээр замын компанийн үйл ажиллагаа нь сайнгүй байгаа ч улстөрчийнхөө хувьд нуруутай нэгэн гэж яригддаг.
МАН
Нөхөн сонгууль болох нь тодорхой болсны дараа хамгийн түрүүнд МАН-аас тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр яригдаж эхэлсэн. Гэсэн ч тэрбээр нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ МАН-ынхаа бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн М.Билэгтийн тавьсан асуултад хариулсан байдаг. Гэсэн ч нэр дэвшихгүй гэж байгаад ард түмний хүслээр нэрээ дэвшүүлэхээр боллоо гэдэг нь улстөрчдийн гэм биш зан болсон. Мөн МАН-ын бас нэгэн нууц хөзөрт эмэгтэй хүн байна гэсэн мэдээлэл гарсан бөгөөд түүнийг “хэн бэ” гэдгийг нь тун чиг нууцалж байгаа гэнэ лээ.
Олны яриагаар энэ удаад ч гэсэн МАН залуу боловсон хүчнээ нөхөн сонгуульд сойж магадгүй гэнэ. Хамгийн их яригдаж буй эрхэм бол “Идеал” группын захирал М.Батбаяр аж. Тэрбээр нутаг нэгтэй ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгийг авах магадлал өндөртэй нэгэн гэнэ. Юутай ч, 65-ын бүлэг, Засгийн газрын нэр хүнд тийм ч сайнгүй байгаа энэ үед 42 дугаар тойргийг МАН авахаасаа илүү алдах магадлал байгаа болов уу гэж улс төр судлаачид тааж буй.
Бие даагчид
Хэнтийн нөхөн сонгуульд хуульч Л.Батжав нэр дэвших нь хэдийнээ тодорхой болсон билээ. Мөн Хэнтий аймгийн уугуул, өрх толгойлсон Н.Нарантуяа гэдэг бүсгүй бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн бол Улаанбаатар хотод томоохон бизнес эрхэлдэг нэгэн эрхэм бас дэвшинэ гэдгээ олон нийтэд зарлажээ. Ийн бие даагчид эдгээр таван эрхмээр тогтохгүй байх нь бололтой.
МАХН
МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар хоёрын хэн нь нэр дэвших вэ гэдэг дээр хүмүүс маргаж байсан ч эцэстээ, намын дарга Н.Энхбаяр дэвшихээр болсноо зарласан.
Ямар боловч, энэ бүх таамаг ердөө ес хоногийн дараа хэн гэдэг нэр дэвшигчид 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох вэ гэдэг нь тодорхой болно. Хэн ч нэр дэвшлээ гэсэн Хэнтийн тойргийн нөхөн сонгууль бол ирэх 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх том бие халаалт, намуудын рейтингийг тогтоох сунгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой.
Нэмж мэдээлэхэд, улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас 27 нь нөхөн сонгуульд оролцох боломжтой. Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт Мөрөн, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумд багтдаг. Тус тойргийн нөхөн сонгуульд нийт 17 мянга 450 сонгогч санал өгнө. Энэхүү нөхөн сонгуульд 287,6 сая төгрөг зарцуулахаар баталсан. Сонгуульд оролцох нам, эвсэл ирэх тавдугаар сарын 1-нээс өмнө СЕХ-нд хүсэлтээ гаргаж, тавдугаар сарын 24-30-нд нэр дэвшигчдээ тодруулж, бүртгүүлэх ёстой. Хэнтий аймгийн сонгуулийн хороог өчигдөр буюу энэ сарын 21-ний өдрөөс өмнө байгуулж, аймгийн сонгуулийн хороо нь сумын сонгуулийн хороодоо дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс өмнө байгуулах юм байна. Ийнхүү нөхөн сонгуулийн аймаг, сумын хороод байгуулагдсанаар сонгуульд оролцох нам, эвслүүдийг бүртгэх ажиллагаа эхэлнэ гэсэн үг.
Эх сурвалж: inews.mn