Хятадын эдийн засаг нэгдүгээр улиралд сэргэлээ
Шинэ зээлийн хэмжээнээс шалтгаалан өсөлт тогтвортой үргэлжилж чадах эсэх нь эргэлзээтэй ч БНХАУ-ын эдийн засаг “нэгдүгээр улиралд яах аргагүй сэргэсэн”-ийг хөндлөнгийн судалгааны China Beige Book баталж өглөө.
“Энэхүү сэргэлт үйлдвэрлэлийн салбар, газар зүйн байршлыг нийтэд нь хамарч байгаа. Үйлдвэрлэлийн бүх гол салбар, бүх бүс нутагт орлого өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлынхаас өссөн”-ийг CBB International-ын судалгааны статистик бүхий тайланд бичжээ. “Яах аргагүй бодитой энэхүү өсөлт цаашид тогтвортой үргэлжилж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж буй ноцтой гурван шалтгаан байгаа нь зээл, зээл, зээл юм.” хэмээсэн байна.
Зээлийн нөхцөлийг сулруулах зэрэг арга хэмжээ багтсан Засгийн газрын хөшүүргийн арга хэмжээний дүнд үүссэн эдийн засгийн өсөлт энэ оны нэгдүгээр улиралд эргээд унана хэмээн эдийн засагчид таамаглаж байлаа. Дээр нь дэлхийн худалдааны хэтийн төлөв муудаж, бараа бүтээгдэхүүний үнэ буурсан нь харьцангуй сайн хэвээр байгаа дотоодын хэрэглээнд хүртэл таагүй нөлөөлсөн.
БНХАУ-ын компаниудын өр 2013 оны дунд үеэс хойш тохиолдож байгаагүйгээр өсөж, зээл авах хэрэгцээ ихэссэнтэй уялдан татгалзсан хариу өгөх нь урьд өмнө байгаагүй хэмжээнд багассаныг тайланд тайлбарлажээ.
БНХАУ-ын эрх баригчид багасгахаар чармайж байсан сүүдрийн банкны санхүүжилт эргээд ихэссэн нь эдийн засаг сэргэсний далд шалтгааны нэг байж болзошгүйг “Шаргал ном” зохиогчид анхааруулав. Тайлангаас үзвэл тус улсад зээлийн зардал ч өсөж, CBB International статистик бүрдүүлж ирсэн 2012 оноос хойш тохиолдож байгаагүй хэмжээнд хүрчээ.
Эх сурвалж: zgm.mn