Халуурал
Хүний биеийн халуун 40 хэвийх юм бол халуурлаа, сүйд болох нь гэдэг. Эмч домчид хандахаас өөрцгүйд хүрдэг. Тэгвэл улс төр хэт халж халуурахаар ер нь яадаг байна аа. Ямар нэг тохирох хэмжүүр байдагсан бол Монголын өнөөгийн улс төрийн халуун лав 90 хүрч байх шиг. Одоо 10-ын тоогоор ахиулбал лав гал гарах янзтай. Эргэн тойрны яриаг сонсвол уйдах зав алга.
Төр засагт итгэл алдарч байгаагаа ярина. Улстөрчид эрх мэдэлтнүүдийн увайгүй зан, уйтгартай хов живийн чанартай үг хэлийг үзэн ядаж ярих. Монголыг авч яваа гэх нөхдийн дундах гэмт бүлэглэл, авлига хүнд суртал найгүй гэдгийг бас ярьж байна. Бүр сүүлдээ хууль завхруулж гэмгүй хүмүүсийг ялтан болгодог. Тэгэхийн тулд аль тэртээ 1937 оны хэлмэгдүүлэлтийг өвлөн өнөө үед авчирсныг мэдэж авлаа.
Өнөөгийн улс төрд тэнэг тэнэг ‘Тар”-ууд орж ирээд дэмий ярьж бусниулагчийн үүрэг гүйцэтгэж байгааг ч харж л байна. Сар улирлын статистик мэдээнээс харвал эдийн засаг сайжирч байна гэсэн тоо харагдах. Гэтэл нидэр дээрээ жирийн иргэдийн амьдрал ахуйд олигтой өөрчлөлт байхгүй. Ядуу нь улам дордсоор л... Харин дээдчүүлийн амьдрал гэж диваажин гэхээр. Монголд хэн баян байна вэ гэвэл улстөрчид л байна. Яахав гайгүй хөлжсөн бизнесменүүд бий. Гэвч тэд нь улстөрчдийн атганд байдаг. Тэд улстөрчдийг хөрөнгө мөнгөөр “угжиж” байхгүй бол болохгүй гэсэн зовлонтой амьдардаг. Үүнийгээ ил хэлдэггүй. Хэлэх ярих нь ч хаагдмал байдаг биз. Сүүлийн үед улс төрд тийм их халалт үүсч байгаа нь дээдчүүл хоорондоо толхилдсноос “би”-гийн өвчинд нэрвэгдснээс их шалтгаалж байгаа. Бас УИХ-ынхнаас эхлээд төр, засгийн эрхмүүд гэж залхаг заваан юманд орооцолдоод нэр хүндээ барсан амьтад байх юм.
Тэд эгэл жирийн иргэдийн өмнөх тавагтай хоолыг булааж иддэг гэх. Яагаад гэвэл ЖДҮ-чид гэгдээд байгаа нөхдийн зан авир, үйл яг л тийм юм даа. Шударга бусын хонгил гэж яриад бие биеэ үгүйсгэхийг оролддог. Гэтэл тэр хонгилдоо бүгдээрээ л хамт байх шиг санагдаад байна л даа. Эх оронч хүн болж их попорцгооно. Энэ нь шал худал. Зүгээр л олон түмнээс үнэлгээ авах гэж хэлдэг үг болж. Бас сүүлийн үед нэг хүнд зориулсан хууль гараад байдаг болов. Үүний эхлэл нь М.Энхболдод чиглэсэн хууль байлаа. Одоо хууль, шүүхийн удирдах хүмүүст зориулсан бас нэг хууль бий болов. Эдгээр нь сайн, муу ямар үр дагавартай болохыг хүмүүс ярих л юм. Ард нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна гээд УИХ-аар хэлэлцэхдээ тулаад байгаа. Яг хэлэлцэхээ болоход өмнө нь баталчихсан зарим хуулинцарууд тээг болж магадгүй л юм санагдах. Шинэ, хуучин хоёр Ерөнхийлөгч хүртэл тэрсэлдээд л байна. Тэр дотор Ц.Элбэгдорж улс төрд хамаг будлианыг эхлүүлснээ далдлах гэж, соёлын үнэт өв зураг залилснаа нуух гээд “сэрж” Ерөнхийлөгч хэвээр мэт зан гаргаж яам, тамгын газрыг зарим нь хэрэггүй гэж дүвчигнэж үзэв. УИХ-ынхан ч гэж увай муутай. Эрх дархаа алдах юмаа өөрсдөө л хийсээр. Энэ нь төрийг улам хүчгүйдүүлж байна.
Ер нь Монголын улс төр хэзээ түвшин болох бол. Хүн бүрийн санааг энэ л сэдэв зовоож байна. Одоогоос хорин жилийн өмнө нийтлэлч Б.Баабар бичихдээ өөрийнхөө үеийн оролцуулаад дээших үеийнхнээ үхэж дууссаны дараа Монголын нийгэм зөв гольдрилдоо орно гэж бичсэн бий. Тэгвэл одоо тэр үхэж дуусах хүмүүсийн тоо үе үеэрээ нэмэгдээд л байгаа юмсан уу. Улс төрийн халуурал ийм л үгийг яалт ч үгүй хэлүүлээд байх шиг...
Д.Бичээчхүү
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин