“Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзоригийн өмгөөлөгч Э.Ганхөлөг: “Дахин гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий эргэлзээ бий” гэсэн заалтаас л болж Ч.Ганзориг хоригдсон
Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Э.Ганхөлөгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та Үндсэн хуулийн Цэцэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөд буй талаар хандсан гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?
-Одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн хоёр, 14.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт болон 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 14.11 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгүүд нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Улмаар миний бие өмгөөлөгч Б.Даариймаатай хамтран Үндсэн хуулийн Цэцэд мэдэгдэл гаргасан.
-Эдгээр заалтуудын яг юу нь Үндсэн хуультай зөрчилдөөд байгаа юм бэ?
-Дээрх заалтууд нь яллагдагч, шүүгдэгчид авагдах таслан сэргийлэх арга хэмжээг зохицуулсан байдаг. Ингэхдээ “Дахин гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий эргэлзээ бий” гэх үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүх, прокурор, мөрдөгчид авч байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай нь шүүхээр орж тогтоогдоогүй бол энгийн субьект гэсэн үг. Гэтэл шалгагдаж байгаа хэрэгтээ гэм буруутай нь тогтоогдоогүй байхад “Дахин гэмт хэрэг үйлдэх” гэсэн үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь Үндсэн хуулийн дээр заалтуудыг зөрчиж, яллагдагч, шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Практик дээрх ингээд хоригдож байгаа тохиолдол элбэг байдаг. Яг энэ үндэслэлээр миний үйлчлүүлэгчдийн хэд хэд нь одоогоор хоригдож байгаа. Уг нь Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг нэн тэргүүнд тавьж, хуулиараа баталгаажуулж өгсөн байдаг. Гэтэл “гэмт буруутай нь тогтоогдоогүй байгаа” субьектийг “дахин гэмт хэрэг үйлдэх” гэх үндэслэлээр цагдан хорьж байгаа нь эцсийн дүндээ ял тулгаж байгаагаас өөрцгүй зүйл.
-Тухайлбал, таны ямар үйлчлүүлэгчийг энэ үндэслэлээр цагдан хорив?
-Миний өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байсан хэд хэдэн хүн Үндсэн хууль зөрчсөн байж магадгүй гэдэг энэ заалтаар цагдан хоригдсон. Тухайлбал, “Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзориг байна. Түүнийг “дахин гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий эргэлзээ байна” гэдэг зүйл заалтаар цагдан хорьчихсон. Үүнээс болоод түүний эрх ашиг тодорхой хэмжээнд хөндөгдсөн нь харагдаж байгаа юм.
-“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авахад Ч.Ганзоригийг гарын үсэг зурсан гэдэг. Энэ хэргийн үйл явц цаашдаа хэрхэх бол?
-Энэ хэрэг дээр би “Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзоригийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Сая шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлгийн үеэр нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт хэргийг буцаасан. Прокурорт хэргийг буцаасан гэдэг хүрээнд хэргийн талаар яривал, миний үйлчлүүлэгчийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалаад, батлан даагаад ямар нэгэн гэрээ хэлцэл дээр гарын үсэг зурж, барьцаанд тавьсан асуудал огт байхгүй. Энэ нь маш олон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдчихсон байгаа. Олон улсын шинжээчийн дүгнэлтүүдээр ч тэр, 160-170 гарын үсгийг хуурамчаар үйлдчихсэн. Дотоодын шинжээчийн байгууллага ч гэсэн гарын үсгийг хуурамчаар үйлдээд хийсэн. Тиймээс үүн дээр “Эрдэнэт” үйлдвэр ямар нэгэн зүйл дээр зээлийн батлан даалт гаргаагүй юм байна гэдэг нь харагддаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа учир одоо шүүх дээр эл хэрэг нэг тийш нь шийдэгдэх байх. Тэр үед миний энэ яриад байгаа зүйл нэлээд тодорхой болох байх.
-Ч.Ганзориг энэ хэрэг дээр өөрөө ямар байр суурьтай байна вэ?
-Өөрөө бол “Би ийм гэмт хэрэг үйлдсэн зүйл огт байхгүй. Харин ийм гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг шалгаж өгөөч ээ. Өнөөдөр яагаад “Эрдэнэт” үйлдвэрт ийм их хэмжээний хохирол учирчихав, “Эрдэнэт” үйлдвэр хохирсон байх ёсгүй. Тэгэхээр үүнийг хэн хохироов гэдэг асуудлыг шалгуулж тогтоолгоно. Түүнээс биш Ч.Ганзориг гэдэг хүн ял авах уу, авахгүй юу эсвэл Ч.Ганзориг буруутай юу, үгүй юу гэдгийг тэртэй тэргүй шүүхийнхэн шалгаад эцсийн шатанд буруугүйг тогтооно” гэж тэрбээр өөрөө хэлдэг. Үүн дээр ч эргэлздэггүй. Хамгийн гол нь “Эрдэнэт” үйлдвэрийг хохироож, Арбитрын шүүх дээр олон зуун сая долларын өрөнд унах болчихов гэдэг субьектүүдыг шалгаж, эзэн холбогдогчийг олж шалгуулах ёстой гэдэг байр суурьтай байгаа.
-Тэгээд Үндсэн хуулийн Цэц таны гаргасан гомдол мэдээллийг шалгаж үзэн хариу ирүүлсэн үү?
-Үндсэн хуулийн Цэцийн 19 дүгээр тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн. Маргаан үүсгэсэнтэй холбогдуулан УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон ч маргааны хянан шийдвэрлэх ажиллагаа одоо түдгэлзсэн байгаа.
-УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэн томилогдов. Мөн УИХ-аас ямар байр суурьтай байгаа болоод энэ асуудал түдгэлзэв?
-Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар томилогдсон. Тэрбээр Цэцэд хүсэлт гаргаснаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тогтоол гарсан. Түүний гаргасан хүсэлтээс харахад “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг”-ийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулсантай холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, уг өөрчлөлтөд Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх дээрх зүйл заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан тул Улсын Их хурлын 2018 оны намрын ээлжит чуулганыг хүртэл хойшлуулж өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлтийг гаргасан. Үүнээс үзэхэд УИХ ч өөрөө дээрх зүйл заалтуудыг Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэн чуулганаар хэлэлцэх гэж байгаа болов уу гэх бодол төрөөд байгаа.
-2018 оны намрын ээлжит чуулган аль хэдийнэ болчихсон шүү дээ?
-Өнгөрсөн чуулганы хуралдаанаар энэ асуудал хөндөгдөөгүй. Тиймээс бид Цэцэд маргаан шийдвэрлэх хурлыг яаралтай товлоно уу хэмээх хүсэлтийг гаргасан.Тэгэхээр энэ хаврын чуулганаар хэлэлцэж магадгүй. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Үгүй бол маш олон хүн энэхүү Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй хуулийн зүйл заалтаар үндэслэлгүйгээр хоригдсоор байна.
Эх сурвалж: dnn.mn