С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэгт багтаж байсан ТЕГ-ын хоёр ажилтныг саатуулжээ
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яллаад хоёр жил өнгөрч байгаа билээ. Тэгвэл энэхүү хэрэгт ял авсан Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан гэх мэдээлэл гараад буй.
Энэ талаар өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл өгсөн. Тэрбээр "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдсан хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх ажил явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн.
Би сайд болоод нэг хүнийг халсан. Тагнуулын ахлах дэслэгч цолтой хүн хурандаа авчихаад яагаад үүнийг удирддаг юм гэдгийг явуулсан. Ийм учиртай юм. Тэр хүн шалгагдаж байгаа. Шалгалт дахин үргэлжилнэ. Монголд дахин хэзээ ч 1937 оных шиг арга хэмжээ хийж болохгүй болгоно. Би хоёр ялтантай уулзсан. Хүйтэн камерт яаж амьдардгийг би өөрийн нүдээр үзье гэж бодоод тэр хоёр ялтантай уулзсан. Аль аль нь гарсан байна уу тэр хүмүүс. 20-25 жилийн ялтай. Шоронд 20-25 жилийн ял авсан хүнд “тэнсэн” гэж байдаггүй. Ялангуяа ганцааранг нь чанга дэглэмтэй ангид. Тэр эмэгтэй болон Б.Содномдаржаатай уулзсан. Өчигдөр хоёуланг нь эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадаж байгаа юм энэ. Цаашид эмнэлэгт байлгаж байгаад гаргана гэж бодож байна" хэмээн хэлсэн.
Тус мэдээлэл гараад удаагүй байтал С.Зоригийн амь насаа алдсан хэргийг шалгах ажлын хэсэгт багтаж байсан Тагнуулын Ерөнхий Газрын хоёр ажилтныг 14 хоногийн хугацаатай баривчлан саатуулаад байгаа аж.