Хүлээлт үүссэн шийдвэрүүдээр барьцаалж хууль зөрчсөн томилгоо хийх вий
Парламент өдрөө алдаж шөнө гэгчээр намар, өвөлжин хэрэлдээд хавартай золгож ээлжит бусаар гол хуулиудаа хэлэлцэхээр чуулганаа нээлээ. Иргэдийн амьдрал, улсын хөгжилд түлхэц өгөх чухал хуулиудыг хойш тавьсаар өдий хүрсэн шалтгаан нь албан тушаалын төлөөх тэмцэл, сандал суудлын хэрүүл байсныг монголчууд бүгд мэднэ. Гэтэл ээлжит бус чуулган ч томилгоонд зориулагдаж байгаа нь эхнээсээ батлагдаж байна. УИХ-ын даргын зөвлөл энэ долоо хоногт багтаан олон сараар хүлээгдсэн татварын багцад багтсан гурван хууль, тендерийн хууль, ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн болоод өнгөрөөх төлөвлөгөө гаргажээ. Хуваарийн дагуу өнөөдөр дээрх хуулийн төслүүдийг байнгын хороогоор хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр маргаашийн чуулганаар хийх юм. Мөн эцсийн хэлэлцүүлгийг пүрэв гарагт байнгын хороонд оруулж баасан гарагт чуулганы хуралдаанаар батлахаар зэхэж байна. Уг нь ийм чухал хуулийн өөрчлөлт шинэчилсэн найруулгыг дөрвөн шатны хэлэлцүүлгээр хугацаанд баригдалгүй баталбал “ус” бага, онгорхой цоорхой цөөтэй баймаарсан. Харамсалтай нь УИХ-ын гишүүд томилгоонд хэт анхаараад үндсэн ажлаа халтуурдах боллоо.
УИХ-ын даргын зөвлөлөөс баталсан хуваариар ирэх долоо хоногоос томилгоотой холбоотой шийдвэрүүд гарах төлөвлөгөөтэй. Томилгооны гол зорилго АТГ-ын хоёр дарга, ерөнхий прокурорын орлогчийг солиход чиглэгдэж байгаа. АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудал хуулийн маргаантай. Өмнө нь энэ асуудлаар парламент шийдвэр гаргаж хуульд нийцэхгүй хэмээн Ерөнхийлөгчийн саналыг буцаасан. Энэ удаад ч бас тийм нөхцөл байдал үүсэх магадлал өндөр. АН-ын бүлэг ч томилгоог хуулийн хүрээнд тавибал хэлэлцэх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Мөн ерөнхий прокурорын орлогчийн орон тоо тийм ч цаг хугацаанд баригдсан чухал мест биш. Үүн дээр ЗХЖШ-ын даргыг томилох асуудал цаг хугацаанд шахагдсан тайлбартай орж ирж байна. Цаг хугацаанд шахагдсан үндэслэлийг иш болговол Монгол Улсыг төлөөлөх сайдгүй олон ЭСЯ бий. Өнгөрсөн онд Швед, Их Британид сууж байсан Элчин сайд нарыг эгүүлэн татсан бол энэ оны эхээр Австрали, Тайланд, БНСУ-д илгээхээр нэр дэвшүүлсэн гурван ч хүнийг эгүүлэн татах шийдвэр гаргаад байгаа юм. Тэдний оронд илгээх Элчин сайд нарыг яаралтай томилох шаардлага л парламентад тулгамдуу байгаа. Гэтэл цаг хугацаанд шахагдаагүй албан тушаалын томилгоог хийх гэж улайран, чанартай хууль батлах үндсэн үүргээ оронцоглож байна.
МАН жижиг ААН-үүдэд олгох татварын хөнгөлөлтийг хойшлуулна
Парламентын гишүүдэд бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээсэн хуулиудыг баталсан нэр зүүх чухал байгаа болохоос иргэдэд хэрэгтэй хуулийг гаргачихъя гэсэн чин хүсэл алга гэдэг нь ч анзаарагдаж эхэллээ. Өчигдөр хуралдсан МАН-ын бүлэг татварын багц хуулийг хэлэлцэхдээ ААН-үүдэд хүлээлт үүсгээд байсан зарим заалтыг өөрчлөхөөр болжээ. Тухайлбал, 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой жижиг, дунд ААН-үүдээс авч байгаа 10 хувийн татварын 90 хувийг хөнгөлөлт хэлбэрээр буцаан олгохоор төсөлд тусгасан. Үүнийг хууль батлагдсан өдрөөс хэрэгжүүлэх байсан ч 2020 он болгон хойшлуулжээ. Уг нь үүгээр 36.8 тэрбум төгрөг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд очих байв. Татварын багц хуульд санал авах хэлэлцүүлгийн үеэр бизнесийн төлөөлөл дээрх заалтыг сайшаахын зэрэгцээ, яаралтай хэлэлцэхийг дэмжиж байсан юм. Энэ мэтчилэн иргэдэд ашигтай хуулийн заалтуудыг сугалж үлдээд байвал татварын хуулийн шинэчлэл хүлээлтэд хүрэхгүй эсэргүүцэлтэй тулж ч мэднэ.
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх зайлшгүй шаардлагатай хуулийн төсөл бол Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн тухай хууль, түүнтэй хамт өргөн барьсан хуулиудад өөрчлөлт оруулах. Эл хуулийн өөрчлөлт цаг хугацааны хувьд хоцорсноос гадна эдийн засагт сөрөг нөлөөгөө аль хэдийн мэдрүүлээд байгаа. Уг нь оны өмнө Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан бол алт тушаалт эрс буурахгүй байлаа. Өнөөдөр Монголбанкинд тушааж буй алт 81 хувиар буурсан нь валютын нөөц, эдийн засгийн өсөлтөд өөрчлөлт оруулах хэмжээнд хүрэв.
Өнгөрсөн оны төгсгөлд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хуулийн өөрчлөлтийг хийх гээд гишүүдийг ятгаад дийлээгүй юм. Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн ч МАН-ын бүлэг дэмжлэг өгөөгүйгээр барахгүй чуулганы хуралдаанд унагах тактик баримталж байсан нь нууц биш. МАН-ын бүлэг үүнийг улс төрийн тоглолтын барьцаа болгож байснаа өнөөдөр хүлээн зөвшөөрч ээлжит бус чуулганаар дэмжихээр болсон. Хэрэв оны өмнө энэ хуулийг баталсан бол алтны роялтийн хөнгөлөлтийн хугацаа сунгагдаж, алт тушаалт хэвийн үргэлжлэх боломж байлаа. Товчхондоо улс төржилтийн төлбөр эдийн засгийн хохирлоор илэрсэн нь энэ. Үнэндээ ниргэсэн хойно нь хашгирсан үйл явц ээлжит бус чуулганаар өрнөх гэж байна.
Энэ бүгдээс дүгнэхэд энэ ээлжит бус чуулганаар цаг хугацаанд барьцаалагдсан хуулиудыг батлахын далимд хууль зөрчсөн томилгоо хийх зорилго агуулж байна гэж үзэх болох юм.