С.Зоригийн хэрэгтэй холбоотой ТЕГ-ын 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 нийт 4 хүнийг саатуулжээ
Саатуулагдсан хоёр ажилтан хэн хэн байв?
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэгт багтаж байсан хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс даваа гаригт /2019.03.18/-нд 14 хоног саатуулан шалгах шийдвэр талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, саатуулагдсан хоёр ажилтан нь ТЕГ, ЦЕГ, Прокурорын хамтарсан ажлын хэсгийн дэд дарга М болон өөр нэг ажилтан Б нар хэмээн эх сурвалж мэдээлж байна.
Ингэхдээ тагнуулынхан өөрсдөө энэ асуудлаа шалгаж тогтоосон тул энэ хоёр хүний асуудлыг АТГ-т шилжүүлжээ.
Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор дахин хоёр хүнийг өчигдөр саатуулсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хоёр ажилтныг АТГ-аас саатуулсан хэмээн эх сурвалж мэдээллээ. Саатуулагдсан хоёр ажилтны нэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт албаны даргаар ажиллаж байсан, харин нөгөө нь Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан байсан гэнэ. Учир нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган ял авсан Т.Чимэгээ, Б.Содномдаржаа, гэрч Б.Булган нар нь Төв аймагт хоригдож байсан билээ.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн, хууль бус арга хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн гэдэг асуудал яригдаж, тагнуулын байгууллагын зарим ажилтан саатуулагдаад байгаа дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнууд нэмэгдэж байгаа нь асуудал нэлээд гүнзгийрч ноцтой болж байгааг харуулж байгаа бололтой. Эрүүдэн шүүсэн, хууль бус арга хэрэглэж хүчээр хэрэг хүлээлгэсэн гэдэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны ажилтнууд холбогдоод байна.
Таксины жолоочийн амь насыг хөнөөсөн хэрэгтээ бүх насаараа хорих ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар нь Орхон аймгийн иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай хамтран С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэмээн мэдүүлснээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, улмаар гурван шатны шүүхээс тэдэнд 20-25 жилийн хорих ял оноосон. Шүүх хурлаас өмнө энэ хэргийн цорын ганц гэрч Б.Булганыг хорьж саатуулсан боловч яг шүүх хуралд оролцуулаагүй билээ.
АТГ-аас яагаад шалгах болов?
С.Зоригийг хөнөөсөн хэргийг Цагдаа, Тагнуул, Прокурорын байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж, хэргийг мөрдөн шалгаж шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Цагдаа, Тагнуул, Прокурорын байгууллагаас хамтарсан ажлын хэсэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн эсэх, мөрдөн шалгахдаа эрүүдэн шүүж хүчээр хэрэг хүлээлгэсэн үү гэдгийг одоо АТГ-аас шалгаж байгаа аж. Учир нь Цагдаа, тагнуул гээд хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг шалгадаг, хариуцлага тооцдог байгууллага нь Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар байсан. Харин одоо Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрын гүйцэтгэх чиг үүрэг нь АТГ-т хуулиараа шилжсэн. Тиймээс АТГ-аас С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийнхэн хууль зөрчсөн эсэхийг нягтлан шалгаж байгаа юм.
Эх сурвалж: zaluu.com