Ж.Эрхэмбаатар: Гэрчийн мэдүүлэг авчихаад мэдүүлэг дээр нь үндэслэж яллагдагчаар татах асуудал гарч байна
Саяхан Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг ЦЕГ-аас албадан баривчилж мэдүүлэг авсан. Энэхүү баривчилгааг Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон "Намайг онц хүнд гэмт хэрэгтэн мэт саатуулан явсан хэмээн цагдаагийн баривчилгааг ихэд шүүмжилсэн. Харин тэднийг цагдан хорьсны дараа шүүхээс "хууль бус баривчилгаа болсон" хэмээн суллах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан иргэдийг хууль бусаар хорих, албадан баривчлах явдал гарч байна хэмээн шүүмжилсэн. Тиймээс албадан баривчлах, гэрчийн мэдүүлэг авах эсэх зэрэг асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн үед иргэдийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх бүрэн хангагдаж чадахгүй байна гэх асуудал яригдах боллоо. Энэ асуудалд хуульч хүнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Эрүүгийн хэрэгт хэн нэгний эрх ашигийг хамгаална гэдэг хүндрэлтэй болж байна. Хуулиндаа гэрч заавал үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй хэмээн заасан байгаа. Гэтэл хуулийн дагуу гэрчийн мэдүүлэг авчихаад улмаар өөрийнх нь мэдүүлэг дээр үндэслээд яллагдагчаар татаж байгаа тохиолдлууд гарч байна. Процессын хуулийн зохицуулалтыг л ашиглаад байх шиг.
-Гэрчийг дайчлан баривчлах хуулийн зохицуулалт бий юу?
-Гэрч дуудсан бол заавал ирэх үүрэгтэй. Гэрч ирэхгүй байгаа тохиолдолд албадан ирүүлж болно. Гэхдээ цагдаагийн байгууллагын тухай хуулинд албадан ирүүлэхдээ тухайн нөхцөл байдалд тохирсон зэвсэг хэрэгсэл дайчилгааг зохион байгуулах ёстой гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд бүх оролцогчид буюу гэрч ч өөрөө хамгаалагдах эрхтэй сүбьект. Тэгэхээр энэ эрхийг хамгаалах үүрэг нь цагдаагийн байгууллага, мөрдөн шалгах ажиллагааг гардан хэрэгжүүлэгч нарт байгаа. Үүнийг бол хуулиар зохицуулсан харилцаа. Гэтэл хүч түрэмгийлж баривчилж байгаа нь зохимжгүй юм.
-Гэрчийг дуудсан цагт заавал очих үүрэгтэй гэж байна. Хугацааг заасан хуулийн зохицуулалт байдаг уу?
-Гэрчийг дуудахдаа хэзээ, хаана, хэдэн цагт ирэх талаар мэдэгдэх ёстой. Үүний дараа гэрч заавал ирэх үүрэгтэй. Амьдрал дээр хорооны цагдаа очоод аваад ирж байгаа юм. Зарим тохиолдолд тусгай ажиллагааны газар дайчлагдаж очиж байна. Тэгэхээр ямар гэрчийг хорооны цагдаа дуудаж авчраад, ямар гэрчийг нь дайчлан баривчилж авчраад байгаа цаад шалтгааныг хуульч хүний хувьд ойлгомжгүй байгаа.
-Гэрч, сэжигтэн, яллагдагч өмгөөлөх эрхээр хангалттай хангагдаж чадаж байгаа юу?
-Бүгд хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Гэхдээ сүүлийн үед иргэд өөрийн сонгож авсан өмгөөлөгчөөр үйлчлүүлэх бололцоо бага байна. Өөрөөр хэлбэл, сэжигтэн баригдаад очиход өмгөөлөгч нь ирчихсэн сууж байдаг. Магадгүй тэр өмгөөлөгчийг мөрдөгчийн зүгээс санал болгосон байж болно. Тэгээд өмгөөлөх эрх нь байна уу гэвэл байна. Өмгөөлөх эрхийг нь хангачихсан мэт боловч өмгөөлөх хууль зүйн туслалцаа авах гэдэг нь өөрөө зөвхөн өмгөөлөгч хажууд сууснаараа хангагдахгүй. Өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёр ганцаарчилж уулзах эрхтэй. Ингэх явцдаа мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой нарийн солилцоно. Энэ мэдээлэл нь нууц байх ёстой. Өмгөөлөгч энэ нууц мэдээллийг хадгалах үүрэгтэй. Эргээд энэ сэтгэл зүйн хувьд үйлчлүүлэгчээ тайвшруулах, болж байгаа мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хууль зүйн эрсдэлийг таньж ойлгуулах, цаашид ямар байдлаар өрнөж болох гэх зэрэг бүрэн дүүрэн зөвлөгөөг өгсний дараа хууль зүйн туслалцааг авлаа гэж ойлгохгүй бол хажууд өмгөөлөгч байлгаад байцаалт авдаг байцаалт авч байх явцад өмгөөлөгч хөтөлж юмуу тулгаж байцаагаад байгаа энэ асуултуудыг таслан зогсоох биш зүгээр хажууд нь сууж байгаад гарын үсэг зурчихаад явдаг. Магадгүй мөрдөгчийн талд асуулт тавиад оролцоод явдаг өмгөөлөгч нар байдаг. Энэ нь бол хууль зүйн туслалцаа хангагдчихаад байгаа юм биш.
-Сүүлийн үед өмгөөлөгч нарыг дарамталдаг асуудал яригдах боллоо?
-Эрүүгийн хэрэгт ажиллаж байгаа өмгөөлөгчийг байцаах, мөрдөн шалгах, нууц ажиллагаа явуулахыг хориглодог. Гэтэл энэ заалтыг зөрчсөн тохиолдолд ямарч арга хэмжээ авдаггүй. Өөрөөр хэлбэл, ямар нэг хариуцлагын механизм хуулинд сууж өгөөгүй. Тийм ч учраас мөрдөн шалгах ажиллагааг гардан хэрэгжүүлэгч нар энэ баталгааг тоолгүй өмгөөлөгч нар дээр нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг гарсан.
-Мөн хуулийн байгууллагууд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийн талаар мэдээлэл хийдэг болж. Энэ хүний эрхэд халдаж байгаа асуудал мөн үү?
-Мөрдөн шалгах ажиллагааг гардан хэрэгжүүлдэг нэг байгууллага сар бүр мэдээлэл хийдэг. Мэдээллийнхээ явцад хэн нэгнийг баригдсан. Хэн нэгний хэргийн явц, батлагдаж байгаа нотлогдоогүй байгаа гэх зэргээр оюун санааны тайлбар хийгээд явчихдаг. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ишлээд аваад тайлбарлаад нийтэлдэг. Ингээд тэр хэвлэлийн хурлын дараа хэн нэгэн гэмт хэрэгтэн болох нь гарцаагүй нотлогдож байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд шүүх хуралдаанаас өмнө тэр гэм бурууг нотолсон хөдлөшгүй нотлох баримт байгаа гэж үзэхийг хориглоно гэдэг. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэлэлцүүлэгдэж байгаа асуудлаар ямар нэгэн нотлох баримтгүй бол Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр задруулахыг мөрдөгч, шүүгч прокурор, өмгөөлөгч хориглоно гэсэн зохицуулалт байгаа. Энэ хориглолтыг үл огоороод бүхэл бүтэн байгууллага хэвлэлийн хурал хийгээд байна шүү дээ. Тэр хэвлэлийн хурал хийснээр хэн хариуцлага хүлээж байна. Хэн хариуцлага хүлээлгэх юм гэдэг нь хуулийн зохицуулалт байхгүй.
-Мөрдөгчид хууль бусаар нотлох баримт цуглуулах асуудал яригддаг. Эхлээд баривчлаад дараа нь нотлох баримтаа цуглуулах асуудалд хуульд юу гэж тусгасан байдаг вэ?
-Хэрэгт авагдаж байгаа нотлох баримт бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авагдана. Хэрэв авагдаж байгаа нотлох баримтууд тэр журмыг зөрчиж авагдсан байвал түүнийг нь шүүх үнэлэхгүй. Хэдийгээр үнэлэхгүй гэж байгаа боловч мөрдөн шалгах нууц ажиллагаагаар авагдсан баримтыг уншиж байгаа. Унших явцад шүүгчийн дотоод итгэл үнэмшилд шууд нөлөөлж байдаг эрсдэлтэй. Тэгэхээр хэлэлцүүлгийн өмнө энэ нотлох баримтыг хасах ажиллагаа явагддаг.
Х.Соёл