Валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрэх эсэхийг УИХ шийднэ
Анзаарсан бол энэ он гарсаар алт тушаалт буурч эхэллээ. Төв банкны мэдээлснээр, өнгөрсөн оны хоёрдугаар сартай харьцуулахад 81 хувиар алтны тушаалт эрс хумигдсан байна. Жилийн өмнө 438.6 кг алт худалдан авч байсан бол өнөөдөр ердөө 84.1 кг алт тушаагджээ. Улсын гадаад валютын нөөц ёроолдоо орж байсан үед алт л төгрөгийн гол баталгаа болж, эдийн засгийг тэтгэж, эмчилж байлаа. Орлогын чухал эх үүсвэр болсон нүүрсний үнэ уруудсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт царцсан үед алтаар бид валютын нөөцөө нэмэгдүүлж, гурван тэрбум ам.долларт хүргэж амжсан билээ. 2014 оноос энэ он хүртэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь байснаар алт тушаалт ийнхүү нэмэгдэж, алттай бол ам.доллартай гэсэн яриа хүртэл гарсан юм. Тэгвэл өнгөрсөн онд 22 тонн алт худалдан авсан төв банкны өөдрөг төсөөлөл энэ онд өөрчлөгдөж байна.
Валютын нөөцөө таван тэрбум ам.долларт хүргэж, тулсан гадаад өрийн дарамтаа төгрөгийн ханшийн уналт болголгүй давж гарна гэж төв банкныхан тооцоолж байлаа. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтарч Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5 хувиар тогтоосон хуулийн хэрэгжих хугацааг 2024 он хүртэл сунгах хуулийн төслийг дэмжиж, нөөцөө энэ хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байв. УИХ-д уг хуулийн төслийг хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн ч салбарын сайд буцаан татсан. Алтны компани болон бичил уурхай эрхлэгчдийн хувьд 2.5 хувийн татварын орчинд үргэлжлэн ажиллах боломж нь энэ хүрээд хаагдсан юм. Салбарын сайд хуулийн төслөө зүтгүүлсэн ч улс төрийн дэмжлэг авч чадалгүй 2.5 хувь “мартагдаж” эхэллээ.
Алтны үйлдвэрлэгчид 2019 оноос эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр таван хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 5-10 хувиар нөөц ашигласны төлбөр ногдуулж, төв банк худалдан авч байна. Алт тушаалт эрс багассан нь алтны худалдаа ил тод бус далд хэлбэрт шилжиж байна уу гэсэн хардлага төрүүлнэ. Энэ оны хоёрдугаар сард алтны зах зээлийн үнэ 1300 ам.доллараас дээш байв. Шинжээчдийн үзэж байгаагаар, алтны үнэ одоогийн түвшинд цаашид тогтвортой байх хүлээлт өндөр байна. Өөрөөр хэлбэл, алтны үнэ буурах эрсдэл хамгийн бага байгаа аж. Энэ онд алтны ханш унц нь 1400 ам.долларт хүрнэ гэсэн нь өөдрөг таамагт тооцогджээ. Манай улсын хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10 хувьтай байна.
Хоёрдугаар сарын алт тушаалтын уналт энэ сард ч үргэлжилж мэдэхээр байгаа юм. Учир нь алтны компаниудын үйл ажиллагаа ирэх сараас жигдэрч, бичил уурхайчид мөн адил дор бүрнээ өөрсдийн талбай руугаа зорьдог. Энэ жишгээр алт тушаалт өмнөх саруудтай харьцуулахад нэмэгдэх боломжтой. Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эко Алтан Заамар” компанийн уурхайд гарсан гэнэтийн осол алтны салбарынханд маш том сануулга болов.
Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хариуцлагатай уул уурхайн талаарх ойлголтоо компаниуд эргэж харах цаг болсныг энэхүү харамсалтай үйл явдал харууллаа. Үүнтэй холбогдуулан алтны компаниудын үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт шалгалт хийхээс гадна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам алтны салбар дахь журам, дүрэм, хариуцлагын асуудал ярьж эхэллээ. Алтны салбар дахь эдгээр бэрхшээлүүд алт олборлолт болон алт тушаалтад хүртэл нөлөөлж мэдэхээр байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 10 хувь болсноор алтны арилжаа далд хэлбэрт шилжих хамгийн том эрсдэл болох юм. Ийм нөхцөлд хууль бус арилжаа цэцэглэж, хулгайгаар хил давуулан борлуулах, татвараас зугтаах үзэгдэл 2014 оноос өмнө газар авч байсан билээ. Алт тушаалт дорвитой нэмэгдэхгүй, сар тутам буурсаар байвал валютын нөөцөд ирэх ачаалал нэмэгдэнэ гэсэн үг. Ийм нөхцөлд төв банк зах зээлд үүссэн валютын ханшийн огцом хэлбэлзлийг сааруулах үүднээс ам.доллар нийлүүлэх боломж хомсдох талтай. Үүнийг гурван эдийн засагч тутмын хоёр нь хэлж байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар үргэлжлүүлэн сунгах эсэхийг төв банк бус УИХ, Засгийн газар шийдэх л үлдээд байна. Ирэх оноос эргэн төлөгдөх их өрийн чимээ сонсогдож эхэлсэн энэ үед манай улсад ам.доллар даллах металлын нэг нь алт юм. Ийм нөхцөлд алтны татвараар далайлган ил болж яваа салбараа эргээд хөнтрөх эрсдэл бидэнд байна. Компаниудын алт тушаалтаас эдийн засгийн тамир тэнхээ шалтгаалах билээ.
БАЙР СУУРЬ
АЛТ ТУШААЛТ ХУМИГДАЖ БАЙГАА НЬ ВАЛЮТЫН ХАНШИД НӨЛӨӨЛӨХ ҮҮ
ВАЛЮТЫН НӨӨЦӨӨ НЭМЭГДҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХАНШИЙН ЭРСДЭЛ НЭМЭГДЭНЭ
Эдийн засагч Г.Ганзориг
-Манай улсын хувьд алт валютын нөөц бүрдүүлдэг гол хэрэгсэл. Өнгөрсөн хугацаанд алт эдийн засагт, ялангуяа валютын ханш тогтвортой байхад онцгой нөлөө үзүүлж ирсэн. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь болсноор алт тушаалт жил болгон нэмэгдэж, өнгөрсөн жил түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Харин энэ жилийн хувьд нөхцөл байдал өөрчлөгдөж мэдэхээр байна. Гадаад өр ихтэй, хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэж чадахгүй байгаа энэ үед валютын нөөцөө нэмэгдүүлж чадахгүй бол валютын ханшид огцом савлагаа үүсэх эрсдэл мэдээж бий. Валютын ханш нэг илрэл нь.
АЛТ ТУШААЛТ БУУРАХ НЬ ВАЛЮТЫН ХАНШИД ШУУД НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХГҮЙ
Эдийн засагч, судлаач Г.Рагчаасүрэн
-Алтны гадаад зах зээлийн үнэ харьцангуй сайн байгаа. Энэ оны төсөөлөл ч өмнөх жилүүдтэй харьцуулахад тогтвортой байхаар байна. Тийм учраас алт үйлдвэрлэгчид алтаа борлуулж чадвал ашгаа олно. Төв банкны зохицуулалт, худалдан авалт бол шууд улсын гадаад валютын нөөц нэмэгдэх эх үүсвэр болдог. Дотоодод нэгэнт бий болсон алт ном журмынхаа дагуу гадаад зах зээлд гарснаар тухайн алт эргээд манай улсын эдийн засагт ам.доллар болж ирнэ. Эдийн засгийн утгаар нь авч үзвэл, алт тушаалт буурах нь валютын ханшид шууд нөлөө үзүүлэхгүй. Төв банкаар дамжиж гарснаар бүртгэл үүсэж байгаа. Энэ нь төлбөрийн тэнцэл дээр бичигдэж, ийм хэмжээний алт гарч, төдий тооны ам.доллар орж ирсэн гэж тодорхой болдог.
КОМПАНИУД 10 ХУВИЙН ТАТВАР ТӨЛСӨН Ч АШИГТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ
Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэг
-Алтны салбарт төрөөс боломж олгож ирсэн. Үүний нэг нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тодорхой хугацаанд 2.5 хувь болгосон явдал юм. Алтны үнэ, ханш сүүлийн жилүүдэд тогтвортой, өсөлт өндөр байна. Ийм нөхцөлд компаниуд 10 хувийн татвар төлсөн ч ашигтай ажиллах боломж эндээс харагдаж байна. Энэ оноос 2.5 хувийн үйлчлэх хугацаа дууссан ч компаниуд олборлосон алтаа дотооддоо тушаах хэмжээний нийгмийн хариуцлагатай болж, хууль бус худалдааг цаашид өөгшүүлэхээс татгалзах байх гэж найдаж байна. Алт тушаалт энэ он гарсаар нэлээд буурсан ч энэ нь валютын ханшид шууд нөлөө үзүүлэх хэмжээний эрсдэл биш. Алт бол нийтийн баялаг. Тиймээс тогтвортой татварын орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Зөвхөн валютын нөөц бүрдүүлнэ гэж хараад байнга татвараар оролдох нь өрөөсгөл.
Эх сурвалж: zgm.mn