Эрх баригчдын яриад байгаа шударга ёс ЖДҮ дээр л харагдана
Сүржигнэсэн баривчилгаанаас айж балмагдсан монголчууд ирэх долоо хоногийг тэсэн ядан хүлээж байна. Зарим нэг нь цэргийн баяр болох нь гээд догдлон суугаа байх. Харин зарим нэгнийх нь анхаарлыг уих-ын ээлжит бус чуулган илүүтэй татаж байгаа нь лавтай.
Намрын чуулганы турш хоорондоо талцан хэрэлдэж, даргын суудлаа булаалдан бөөн юм болсон энэ их хуралд шийдэх ёстой асуудал их бий. Товлоод буй ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд бичсэнээр бол татварын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон АТГ-ын дарга, дэд дарга, шүүх, прокурорын томилгоо гээд цөөнгүй зүйл хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулганаар ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцүүлэх шаардлага тавьсан нь ёстой л загатнасан газар маажих шиг боллоо.
Ер нь УИХ-ын гишүүдийг хэрэгт холбогдуулж, түүнийг нь нотолно гэдэг бараг л боломжгүй зүйл. Яг хэрэг үйлдэж байхад үйлдэл дээр нь баривчлахаас бусад тохиолдолд хэрэгтэн гэж үзэхгүй гээд өөрсдийгөө хана хэрмээр хүрээлүүлчихсэн улс. Олон ч ноцтой хэрэг энэ хананд тулж очоод утаа мэт замхарсан. Харин өнөөгийн ЖДҮ бол өөр хэрэг. Бүхэл бүтэн 23 гишүүн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бизнесийг дэмжих ёстой мөнгөнөөс тэрбум тэрбумаар хумсалсан нь хөдөлшгүй баримтаар нотлогдчихсон. Мөн зээл авсан гишүүд хэргээ нэгэнт хүлээчихсэн. Бүр шаардлагатай бол шалгуулахад бэлэн гээд л томроод байна. Нөхцөл байдал ийм дээрээ тулснаас хойш бараг хагас жил өнгөрсөн ч хэрэг нь огт шийдэгдсэнгүй. Ерөнхий прокурорын зүгээс өмнө нь таван гишүүний эрхийг түдгэлзүүлж шалгах хүсэлт тавьсан ч УИХ-ын танхимд дээрэлхүүлээд дууссан. Энэ удаа өөр таван гишүүний асуудлыг оруулж ирнэ хэмээн мятаршгүй зүтгэж байна. УИХ-аас өгөх хариу өмнөхтэйгээ бараг адилхан байна биз дээ. Тэд яахав, нэг хоёр удаад гишүүдээ хаацайлаад үлдэж болно. Харин үүний цаана олон нийтийн итгэлийг алдсаар байгаагаа мэддэг л байгаа даа.
Манай Ерөнхий сайд энэ өндөр албыг авахдаа шударга ёсыг тогтооно, хууль бус зүйлтэй хэзээ ч эвлэрэхгүй гэх мэт зоримог, хүчтэй мэдэгдлүүдээр ёстой тархи угаасаар гарч ирсэн. Ард түмэнд ч энэ үгс нь таалагдсан гэж жигтэйхэн. Тэгвэл яриад байгаа шударга ёсны төлөөх тэмцлээ ЖДҮ-чин гишүүдэд хариуцлага тооцохоос эхлэх хэрэгтэй шүү дээ. Хүний, өөрийн нам гэж ялгалгүй хариуцлага тооцно гээд байгаагүй бил үү.
Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд 2020 оны сонгуульд намаа ялуулах тийм ч хэцүү биш байгаа юм. “Манай өмнөх удирдлага 60 тэрбум, ЖДҮ гээд алдаа гаргажээ. Одоо би энэ бүхнийг цэгцэлнэ, хариуцлага тооцно, надад итгээрэй” гэж хэлээд л зээл авсан гишүүдийг хуйгаар нь хөөгөөд явуулчих зангарагтай байх хэрэгтэй. Ингэвэл ард түмэн таныг шударга ёсны төлөөх ташуур болж чадах юм байна гэдэгт итгэнэ. Танд итгэл хүлээлгэж, танай намын төлөө саналаа өгнө. Харин ингэж чадахгүй бол ирэх жилийн сонгуульд ялагдахдаа эртнээс бэлдсэн нь дээр.
Манайхан нэг асуудал яригдаад эхлэнгүүт өөр асуудал босгож ирээд мартагнуулдаг аргатай. ЖДҮ-чин гишүүдэд хариуцлага тооцох тухай олон нийт шахалт үзүүлээд эхэлмэгц “Би шүдгүй арслан болчихоод байна” гээд УИХ-ын даргыг огцруулна гэж баахан давхисан. Улмаар санасандаа хүрч, шүдтэй арслан болж авуутаа “Эрдэнэт”-ийн 49 хувь гэж жаал сүржигнэв. Харин энэ хооронд ЖДҮХС-гийн хэрэг улам мартагдсаар. Зээл авсан гишүүд нь эхэндээ гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр хүний нүд рүү эгцэлж харж чадахгүй явсан бол сүүлдээ байдаг л зүйл мэт ханхалзах болов.
• Зээл авсан гишүүд нь эхэндээ гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр хүний нүд рүү эгцэлж харж чадахгүй явсан бол сүүлдээ байдаг л зүйл мэт ханхалзах болов.
• Хэрэв тэдэнд хариуцлага тооцож чадахгүй бол ирэх жилийн сонгуульд ялагдахдаа эртнээс бэлдсэн нь дээр.
• ЖДҮ эрхлэгчдийн дунд судалгаа явуулахад тэдний 65 хувь нь цаашид үйл ажиллагаагаа явуулахын тулд санхүүжилт шаардлагатай гэжээ. Тэдний 32.7 хувь нь 10-50 сая хүртэлх төгрөг хүссэн байна.
Гэхдээ ард түмэн тэнэг биш. та нарын бизнесмэнүүдээ уйлтал нь ямар муухай хэрэг хийснийг хэзээ ч мартахгүй. Хэрэв одоо олонхоороо түрий бариад луйварчин гишүүдээ аваад үлдвэл тэдэнтэй тооцоо бодох цаг ирж л таарна. Энэ үед харин юу гэж уйлан дуугарах чинь сонирхолтой санагдчихлаа.
Өдгөө манай улсад жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 60 гаруй мянган аж ахуйн нэгж бий. Тэдний 84 хувь нь 10 хүртэлх тооны ажилтантай. Нэг ёсондоо дийлэнх олонх нь жижиг бизнес эрхлэгч гэсэн ангилалд багтдаг. Амьдрахын тулд ёстой л бор зүрхээрээ зүтгэж яваа тэдний хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд санхүүжилтийн эх үүсвэр хамгийн хэцүү байдаг. Тиймдээ ч мөнгө хүүлэгчдээс сарын 8-10 хувийн хүүтэй зээл авч, зээлийнхээ хүүнд дарлуулсаар өдөр хоногийг аргацааж байгаа. Үүнээс болж өрөнд баригдсан, үйлдвэрлэлээ зогсоосон, дундаж давхаргаас ядуусын эгнээнд шилжсэн нь ч цөөнгүй.
Хэрэв тэдэнд жилийн гурав, сарын 0.25 хувийн хүүтэй зээл олддог бол ямар их зүйл хийж бүтээх байсныг төсөөлөөд үзээрэй. Дундаж давхарга улам бүр хумигдаж, баян хоосны ялгаа ихэссээр буйн цаад шалтгаан нь жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд очих ёстой мөнгөнөөс төрийн ордонд шигдсэн хувалзнууд сорсон гэмт хэрэг шууд холбоотой.
Бизнес эрхлэгчид энэ зээлийг авах гэж хөөцөлдсөн ч олддоггүй талаараа манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлж байв. Тухайлбал, гоо сайхны Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан “ЖДҮХС-гийн зээл бидэнд олдоход хэцүү юм билээ. Материалаа цаг хугацаанд нь бүрдүүлж өгчихөөд байхад санхүүжилт дууссан гээд хүлээж авдаггүй” гэсэн бол “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Мандхай “Бизнес эрхлэгчид янз бүрийн хөнгөлөлттэй зээл, ЖДҮ-ийн зээл авья гээд төслөө бичээд ороход боломж ихэвчлэн хаалттай байдаг” гэж байв.
Уг нь жижиг, дунд бизнес эрхлэгчид тийм ч их мөнгө хүсдэггүй юм. 2017 онд Монголбанкнаас ЖДҮ эрхлэгчдийн дунд судалгаа явуулахад тэдний 65 хувь нь цаашид үйл ажиллагаагаа явуулахын тулд санхүүжилт шаардлагатай гэжээ. Тэдний 32.7 хувь нь ердөө 10-50 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн бол 28.7 хувь нь тав хүртэлх сая төгрөг хүссэн байна. Харин 18.4 хувь нь л 100 саяас дээш төгрөгийн санхүүжилт шаардлагатай хэмээн хариулжээ. Хэрэв УИХ-ын нэг гишүүний авсан тэрбум төгрөгийн зээлийг 200 аж ахуйн нэгжид хүнд тав, таван саяар хуваагаад зээлсэн бол олон хүний амьдрал ахуйд нэмэр болох байлаа. Зөвхөн 23 гишүүнд очсон мөнгө л гэхэд 4000 гаруй жижиг бизнес эрхлэгчийг хөл дээрээ бат зогсоход нь тус болох байж.
Гэвч ядарсан иргэдийнхээ боломжийг хулгайлчихаад тоосон шинжгүй өөрсдийгөө өмөөрч буй гишүүд, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй хэмээн хаацайлж буй намын нөхдийг хараад энэ хэргийг шударгаар шийднэ гэсэн итгэл төрөхгүй байна. Энэ үйлдлээрээ ард түмнээ ямар их доромжилж байгаагаа ухаарч байна уу. Хулгай хийсэн гишүүдээ өмөөрч авч үлдсэн намын дарга сонгогчдын өмнө очихдоо юу хэлж хуйхаа маажих юм бол. О.Баасанхүү гишүүний хэлсэнчлэн “шившгийн таван гишүүн”-ий хэргийг ээлжит бус чуулганаар хэрхэн хэлэлцэхийг монголчууд тэсэн ядан хүлээж байна шүү.