УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа санхүүгээ шалгуулахаас татгалзлаа
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас өнөөдөр Монгол-Оросын хамтарсан УБТЗ ХНН-т гэнэтийн шалгалт хийхээр очлоо. Уг шалгалтыг өнгөрсөн онд төлөвлөсөн ч тус нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа хоёр ч удаа шалгуулахаас татгалзаж байжээ.
Тиймээс МХЕГ-аас ЗТХЯ-нд хандаж, УБТЗ ХНН-д шалгалт хийх хүсэлт тавьж, зөвшөөрөл авсан байна. Энэ дагуу өнөөдөр УБТЗ ХНН-д гэнэтийн шалгалт хийхээр очсон боловч тус нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа шалгалт оруулахыг зөвшөөрсөн ч байгууллагынхаа санхүүг шалгуулахгүй гэж татгалзжээ.
МХЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг сүүлийн таван жил шалгаагүй. Мөн сүүлийн хоёр жилд их хэмжээний аваар осол гарсан. Манай үнэлгээгээр өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа. Сүүлийн хоёр жилд УБТЗ-д 62 осол гарсан. Үүний 22-ийг нь л үйлдвэрийнх гэж бүртгүүлсэн байна. Үүний цаана олон хүний амьдрал яригдана. Төлөвлөгөөт шалгалт явуулах гэхэд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нь хоёр удаа татгалзсан хариу өгсөн. Ингээд Зам тээврийн хөгжлийн яамнаас зөвшөөрөл аваад өнөөдөр шалгалт хийж байна. Өнөөдөр Д.Жигжиднямаа дарга шалгалт явуулахыг зөвшөөрсөн ч санхүүгээ шалгуулахгүй гэж байна” гэлээ.