“Багануур илч”-ийг санхүүгийн хүнд байдалд оруулсан хэргийг шалгаж дуусав
Төрийн өмчит “Багануур” ХК-ийн охин компани “Багануур илч”-ийн хөрөнгийг завшсан гэх хэрэгт холбогдсон С.Батболдыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-ын хяналтад шилжүүллээ.
Түүнийг “Багануур илч” компанийн гүйцэтгэх захирлаар 2015 оны тавдугаар сарын 1-нээс 2017 оны хоёрдугаар сарын 20-ны хооронд ажиллаж байхдаа компанийн хөрөнгийг хувьдаа завшиж, санхүүгийн хүнд байдалд оруулсан хэмээн буруутгасан юм. Дээрх компанид өртэй аж ахуйн нэгжүүдээс авлагаа яаралтай барагдуулах үүргийг ТУЗ-өөс нь өгсөн ч захирал нь эрх мэдлээ урвуулан, хувьдаа болон бусдад давуу байдал олгож, уг зөвлөлийн шийдвэргүйгээр тэдгээр аж ахуйн нэгжийн удирдлагатай эвлэрлийн гэрээ байгуулж, 2-3 өрөө байр, гарааш зэргийг өөрөө авсан.
Улмаар дамжуулан зарж олсон мөнгөөрөө БНХАУ-аас чанар муутай сэлбэг хэрэгсэл авч компанидаа нийлүүлсэн хэрэгт түүнийг холбогдуулан шалгасан юм. Тэдгээр сэлбэг нь чанарын шаардлага хангахгүй байгааг ажилтнууд нь захиралдаа хэлсэн ч ажлаас хална гэж дарамталж байсан тухай мэдээлэл ч бий.