ОБЕГ-ын дарга нарын хэрэгт бригадын генерал Г.Арвинбуяныг холбогдуулав
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй хүмүүст АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байж болзошгүй уг хэрэгт ОБЕГ-ын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг яллагдагчаар тооцон шалгаж буй.
Энэ хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-ын хяналтын прокурорт шилжүүлэх болсныг баттай эх сурвалжууд мэдээллээ. Зарим хүн “Хэргийн нэг холбогдогч нас барснаар энэ хэрэг шийдвэрлэгдэх боломжгүйд хүрсэн” хэмээж буй ч прокурорын байгууллагын баттай эх сурвалжууд “Талийгаачийн бүх мэдүүлэг хавтаст хэрэгт бий. Тиймээс хэргийг шүүхээр шийдвэрлэх боломжтой” хэмээсэн юм. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нарын холбогдсон хэрэгт АТГ-ынхан нэмж тус тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуяныг холбогдуулан шалгаж дууссан аж.