Прокурор зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзав
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нэр бүхий зургаан шүүгчид үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлаар 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улмаар тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ШЕЗ-д уламжлуулахаар Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргасан байдаг.
Тэгвэл Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай энэ сарын 19-ний өдөр ШЕЗ болон Улсын Дээд шүүхийн Тамгын газарт зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзсан, түдгэлзүүлэх шаардлагагүй тухайгаа Мэдээлэл хүргүүлэх тухай 1/1117 тоот бичгээр мэдэгдсэн байна.
Уг бичигт “...Халдашгүй эрх эдэлж байгаа зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэх боломжгүй, хангалттай үндэслэл бүхий үйл баримт тогтоогдоогүй байх тул албан үүргийг одоогоор түдгэлзүүлэх шаардлагагүй гэж дүгнээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин