Умайн хүзүүний хорт хавдраар жилд 600 мянган хүн өвчилж байна
Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах 2018-2021 онд хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан шуурхай зохицуулалтыг хангах зөвлөл хуралджээ.
ЭМЯ-ны харьяа ХСҮТ, НЭМҮТ, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн талаар ярилцсан юм.
Энэ үеэр ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн, Умайн хүзүүний хорт хавдрын тусламж үйлчилгээнд ХПВ-ийн хурдавчилсан тестийг нэвтрүүлэх төслийг танилцуулав. Мөн Умайн хүзүүний хорт хавдар буюу өмөн нь эмэгтэйчүүдийн дунд тархалтаараа ходоод, арьс, хөхний өмөнгийн дараа дөрөвт ордог өвчин. Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүг бүрхэж байгаа хэвийн эсээс үүссэн хорт хавдар юм. Жил бүр энэ өвчнөөр 600 мянгаас дээш тооны эмэгтэйчүүд өвчилж байна. Тиймээс эрүүл мэндийн яамнаас өвчлөл, нас баралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулахаар болж байна.