Ж.Үнэнбат: Монголын хоёр хүн тутмын нэг нь мобайл банк, гурван хүн тутмын хоёр нь интернет банк ашиглаж байна
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбаттай ярилцлаа.
-2019 онд банкны салбар, улс орны санхүүгийн төлөв, арилжааны банкуудын чадавхийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Урьдчилаад хэлэхэд банкуудын чадавхи сайжирч байгаа, эдийн засгийн өсөлт хадгалагдаад, эрсдэл даах хөрөнгөө нэмэгдүүлээд байвал бүр илүү хүчирхэгжих байх. Бид өнгөрсөн жил том сорилттой тулгарч байж энэ үр дүнд хүрсэн. ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олон улсад ашигладаг хөрөнгийн үнэлгээний стандарт, аргачлалыг арилжааны банкинд тулгасан нь өмнө Монголбанкны тавьдаг шаардлагаас хэд дахин өндөр шалгуур болж туссан. Үр дүнд нь банкны системийн нийт зээлийн хэмжээнд байгуулах ёстой эрсдлийн сан 2018 онд 530 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Зээлийн эрсдлийн сангийн хөрөнгө өснө гэдэг нь тийм хэмжээний зардал, өөрөөр хэлбэл алдагдал банкинд дарамт болж тусна гэсэн л үг юм. Энгийнээр, эрсдлийн сан гэдгийг иргэд, компанийн хугацаандаа төлөгдөөгүй зээл гэж хэлж болно. Монголбанкнаас арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн шалгуур үзүүлэлт буюу олгосон эрсдэлтэй активын 14 хүртэлх хувийг банкны эздийн хөрөнгөөр хангах ёстой гэсэн шаардлага бүрэн биелэгдсэн. Системийн ач холбогдолтой гэж бидний нэрлэдэг Монголын тэргүүлэх банкууд энэ шалгуурыг амжилттай биелүүлээд, цэвэр ашигтай ажиллаж чадсаныг банкуудын жилийн тайлангаас харж болно.
-Тэргүүлэх банкууд хэр ашигтай ажилласан гэж тайлагнасан бэ?
-Банкуудын тайлан тэдний вэб хуудсанд тавигдсан, нийтэд нээлттэй байгаа. Банкны систем дэх нийт активын 85 орчим хувийг таван банк эзэлдэг, нийт дүнгээрээ татварын дараах ашиг 250 гаруй тэрбум төгрөгт хүрсэн, найман банк ашигтай ажилласан. 2018 онд банкны системийн харилцах, хадгаламжийн хэмжээ 23 хувиар өссөний 95 хувь нь системийн ач холбогдолтой таван банкинд ногдож байгаа юм. Товчоор хэлбэл банкууд активын чанарын үнэлгээний шалгалтын үр дүнг амжилттай давсан, систем тогтвортой байгааг тайлангуудаас харж болно.
-Дэлхийн бусад улс орны иргэдтэй харьцуулахад монголчуудын банкинд итгэх итгэл, банкны салбарын талаарх ойлголт хэр байдаг бол?
-Иргэдийн банк, санхүүгийн талаархи мэдлэг боловсролыг дээшлүүлэх, түвшинг бодитой үнэлэх нь ач холбогдолтой. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн хүрээнд сурагчдад эдийн засаг, санхүүгийн мэдлэг олгодог тодорхойлдог хөтөлбөрүүд байдаг. Тэдгээрт Монголын иргэдийг хамруулах талаар Засгийн газраас санаачлага гаргамаар байгаа юм. Нэг үеэ бодвол иргэд цахим карт, мобайл банкыг маш өргөн ашиглах болсон. Монгол улсын иргэд дунджаар хоёр харилцах данстай, нэг нэг хадгаламжийн данстай байгаа бол гурван хүн тутмын нэг нь зээлийн данстай байна. Харилцагчид жилд 146 сая удаа ПОС машинаар, 93 сая удаа АТМ-ээр, 54 сая удаа мобайл банкаар гүйлгээ хийдэг. Энэ тоо жил ирэх тусам өсч байгаа юм. Улсын хэмжээнд хоёр хүн тутмын нэг нь мобайл банктай, гурван хүн тутмын хоёр нь интернет банк ашиглаж байна. Бага гэлтгүй хуримтлал үүсгэхийг хичээдэг болсон зэрэг нь статистик үзүүлэлтээс харагдаж байна. Банкны салбартай холбогдох цуу яриа, ташаа мэдээлэл зэрэгт автах нь багасаж, нягталдаг эх сурвалжаа шалгадаг болсон зэрэг сайн талууд ажиглагдаж байна. Энэ бол иргэдийн ойлголт их сайжирсныг илтгэх үзүүлэлт мөн шүү. Монголын иргэд банкиндаа итгэдэг. Бид энэ итгэлийг даахыг хичээж ажиллаж байна.
-Арилжааны банкуудын интернэт банкны аюулгүй байдал, нууцлал ямар төвшинд байдаг вэ?
-Банкуудын зүгээс үйл ажиллагааны шинэчлэл хийх бүртээ холбогдох техник, тоног төхөөрөмж, аюулгүй байдал, нууцлалын сайжруулалтыг байнга хийдэг. Ажилтнуудаа сургадаг. Анзаарсан бол банкууд үйлчлүүлэгчиддээ хандан “нууц үгээ үе үе солиорой”, “үл мэдэгдэх мэйл хаягаас ирсэн мэдээллийг нээж болохгүй, устгаарай”, “янз бүрийн программ хангамжаар битгий оролд”, “өөрийнхөө нууц үгийг бусдад битгий дамжуулаарай” гэх мэтээр байнга зөвлөгөө өгдөг. Бидний хувьд иймэрхүү мэдээлэл, зөвлөгөө байнга өгсөөр ч байх болно дагаад бас манай харилцагчид өөрийн хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын асуудалдаа бас байнга анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл мэдээллийн энэ эринд банк харилцагчийн хоорондын харилцаа шинэ суваг, хэлбэр, агуулгаар баяжиж тасралтгүй амьд холбоотой болсон, үүгээр дамжиж бидний үйлчилгээ тасралтгүй хөгжиж байгаа.
-Сангийн яамны зүгээс зарим банкууд НӨАТ-ын буцаан олголтыг барьцаалсан зээл олгож байгаад шүүмжлэлтэй хандаж, худалдан авалтын талаарх мэдээллийн нууцлалыг алдагдуулах магадлалтай, хууль зөрчсөн гэх зэргээр дүгнэсэн. Энэ тийм болохгүй зүйл юм уу?
-Мэдээж энэ үйлчилгээнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Ирээдүйн орлогыг нь барьцаалан зээл олгох үйлчилгээ юм л даа уг нь. Бид одоо зээл гэхээр л байшин барилга, үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг активт суурилсан зээлжүүлэлтийн уламжлалт механизмаар төсөөлдөг сэтгэлгээнээс татгалзаж эхлэх хэрэгтэй байна. Олон улсын түвшинд хөдлөх хөрөнгө (юун түрүү автомашин санагдаж байгаа биз) түүн дотроо баталгаажсан авлага барьцаалж зээл олгох үйл ажиллагаа давамгайлах хандлагатай байна. Үүнийг дэмжсэн төсөл ч манай улсад хэрэгжиж байгаа.
-Финтек гэх мэт орчин үеийн үйлчилгээнүүд гарснаар арилжааны банкны хэрэг байхгүй болно гэсэн ойлголт явж байдаг. Энэ хэр ортой вэ?
-Банкны гүйлгээ, төлбөр цахим орчинд суурилсантай холбоотойгоор шинэ шийдлүүд гарч байгаа. Финтек нь мэдээллийн технологийн ололтод суурилсан санхүүгийн үйлчилгээ болохоос банкийг орлох зүйл биш гэдэг нь улам бүр тодорхой болж байна. Финтек банк, санхүүгийн байгууллагад үйлчилж, хамтарч ажиллаж байж л оршин тогтноно, илүү үр дүнтэй ажиллана. Нөгөө талдаа финтек нь банкуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хялбаршуулах, тоон системд бүрэн нэвтрүүлэх боломжийг олгож байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин