М.Сономпилд холбогдох хэргийг дахин шалгана
Хөгжлийн банкны хөрөнгөөс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан завшиж үрэгдүүлсэн, хээл хахууль авсан гэх хэрэгт холбогдсон Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнийг сайдаар ажиллаж байхдаа яамныхаа эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлж, ЭХЯ-наас Дарханы дулааны цахилгаан станцын үнс хадгалах сан барих тендерт “Хотгор зам” ХХК-ийг ялуулсныхаа төлөө уг компаниас “Залуу Монгол”-ынхоо дансаар 264 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгасан.
Мөн эрх мэдэл албан тушаалаа урвуулж, “Амгалан” дулааны станцыг 60 сая ам.доллароор барьж ашиглалтад оруулах санал гаргасан БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпорац” компанийнханд давуу байдал олгохын сацуу тендерт анх ирүүлсэн үнийг нэмж, гэрээ байгуулах явцад үнийн дүнг 75.9 сая ам.доллар болгон өсгөж, тухайн гүйцэтгэгчийг үндэслэлгүйгээр татвараас чөлөөлсөн гэх хэрэгт яллагдагчаар тооцсон юм.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, гэрчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд байсан Д.Зоригт, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар тэргүүтэй хүмүүсийг оролцуулан хэлэлцсэн хурал 20.10 цагийн үед завсарлаж, 21.00 цагт тогтоолоо танилцуулсан юм. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад зарим үйл, баримтыг нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай зайлшгүй шалгаж тогтоох зүйл байна гэж үзсэнээс М.Сономпилд холбогдох хэргийг прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэжээ.