Монополь компаниудад чиглэсэн өрсөлдөөний хуулийн шинэчлэл
Шатахуун түгээх станцууд АИ-92 бензинээ дарж, шатахуун авах гэсэн жолооч нар уртаас урт дараалал үүсгэж асан өдрүүд яг жилийн өмнөх. Онцгой албан татвар нэмснийг эсэргүүцсэн монополь импортлогчдын энэ үйлдэл Монголын засаг төрийг тэвдүүлж, ард иргэдийг бухимдуулж чадсан юм. Эцэстээ Засгийн газар импортлогчдод бууж өгөн зарим төрлийн шатахууны татварыг тэглэснээр байдал намжиж байв. Энэ бол өрсөлдөгчгүйгээр зах зээлд тоглолт хийдэг монополь компаниудын үйл ажиллагааг зохицуулах бодит шаардлага бий болсны нотолгоо.
Зөвхөн шатахуун төдийгүй Монголын бизнесийн олон салбарт монополь зарим тохиолдолд бүр олигополь болж ноёрхдог нь нууц байхаа больсон. Бизнесийн орчны эрүүл, шударга өрсөлдөөнийг зохицуулдаг шударга бус өрсөлдөөнийг зохицуулах тухай хуулийг 2010 онд баталсан. Тухайн үед Монгол Улсын төсвийн орлого 2.3 их наяд төгрөг байсан бол өнөөдөр /2019 оны баталсан төсвөөр/ 9.6 их наяд төгрөгт хүрээд буй. Энэ бол зөвхөн төсвийн үзүүлэлт бөгөөд, бизнесийн маш олон салбарт шинэ тоглогчид төрж, тэлж, томорч байгааг илтгэнэ. Зах зээлийн харилцаа нь ийн гүнзгийрч байгаа ч арван жилийн өмнөхөөрөө байгаа эрх зүйн орчныг нь ирэх хаврын чуулганаар шинэчлэн найруулахаар парламент зэхэж байгаа юм. Өрсөлдөөний тухай хуулийн төслийн гол шинэчлэл нь дээр өгүүлсэн давамгай үйл ажиллагаатай компаниудад чиглэж байгаа аж.
МОНОПОЛЬ ЭСЭХИЙГ НЬ УРЬДЧИЛАН ТОГТООХГҮЙ
Юуны түрүүнд зах зээлд шударга өрсөлдөөнийг боомилсон, хэрэглэгчийг хохироосон давамгай байдалтай аж ахуйн нэгжийг хэрхэн тодорхойлохыг тусгажээ. Одоо байгаа хуулиар монополь аж ахуйн нэгжийг урьдчилсан байдлаар тогтоохоор зохицуулсан. Тэгэхээр Монголд байгаа 80 орчим мянган аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа явуулж байгаа салбар бүрээр нь давамгай байдалтай эсэхийг тогтоох ёстой болдог. Энэ нь хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээхэн шаарддагаас гадна бодит байдалд хэрэгждэггүй. Харин шинэ хуулиар өрсөлдөөнийг бодитоор хязгаарлаж, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоох явцдаа давамгай байдалтай байгаа эсэхийг тогтооно.
Хөөн хэлэлцэх хугацааг 3-5 жил байдагтай нийцүүлнэ
Харин урьдчилан тогтоож байгаа ач холбогдолгүй бөгөөд бараг шаардлагагүй ажлыг хуулийн орчноор халах аж. Өөрөөр хэлбэл зөвхөн зөрчлийг хянан шалгах явцдаа л тухайн аж ахуйн нэгж монополь эсэхийг тогтоодог болохоор хуулийн төсөлд тусгажээ.
НЭГДЭН НИЙЛЭХ БҮХ ПРОЦЕССЫГ ШӨХТГ ХЯНАНА
Дараагийн өөрчлөлт компаниудын нэгдэн нийлэх, өөрчлөгдөх үйл явцад хамаатай. Зарим монополь тоглогчид өрсөлдөгчөө өөртөө нэгдэн нийлэх шахалт үзүүлэх, эсвэл ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанитай нэгдэх байдлаар өөрчлөн зохион байгуулагдаж монополь компани болдог. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар монополь компани гэдгийг нь урьдчилан тогтоосон аж ахуйн нэгж бусад компанитай нэгдэн нийлэх, өөрчлөгдөх, эсвэл ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн энгийн хувьцааны 20-иос дээш хувь, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авахад шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Энэ нь зах зээлд сөргөөр нөлөөлөх эсэх” дүгнэлт гаргуулдаг. Гэвч давамгай аж ахуйн нэгжийн тоонд ордоггүй хэд хэдэн компани нэгдэн нийлэх үйл ажиллагаа явуулахад зах зээлд хэт төвлөрөл бий болох тохиолдол гарч байсан юм. Энэ нь улмаар өрсөлдөөнийг хязгаарладаг аж.
Тиймээс хуулийн этгээд нэгдэн нийлэх гэж байгаа бол монополь эсэхээс үл хамааран шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандан өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөх эсэх дүгнэлт гаргуулдаг байхаар төсөлд тусгасан байна.
ЗӨРЧЛИЙГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ НЭМНЭ
Монополь компаниуд хуйвалдан зах зээлд шударга бус өрсөлдөөн бий болгодог зөрчил дийлэнхдээ л нууц, далд байдлаар үйлдэгддэг. Харин үүнийг хянан, шалгах ажиллагаа бас л нууц, далд байдлаар хийгдэх ёстой. Гэтэл төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хяналт шалгалт хийх талаар шалгуулагч этгээдэд урьдчилан мэдэгддэг нь үр дүнгүй болгодог.
Түүнээс гадна энэ төрлийн зөрчлийг хөөн хэлэлцэх хоёр жилийн хугацаа нь хүрэлцдэггүй. Олон улсын дунджаар ийм зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг 3-5 жил байдагтай нийцүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.