АТГ: УИХ-ын гишүүдийн тал нь ХӨРӨНГӨ ОРЛОГОО МЭДҮҮЛЭЭГҮЙ байна
Авилгын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж дуусахад гурав хоног үлджээ. Авилгын эсрэг хуульд зааснаар мэдүүлэг гаргагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор урьд оны хөрөнгө, орлогын байдлаа мэдүүлдэг. Энэ дагуу мэдүүлэг гаргагчид хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстой.
Энэ жилийн хувьд, улсын хэмжээнд мэдүүлэг гаргавал зохих 40.800 орчим албан тушаалтан байгаагаас өнөөдрийн байдлаар /2019.02.12/ 33.600 орчим мэдүүлэг гаргагч хөрөнгө орлогын мэдүүлгээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлээд байна. Өөрөөр хэлбэл, нийт мэдүүлэг өгөх ёстой албан тушаалтнуудын 85 хувь нь хуулийн дагуу үүргээ биелүүлээд байгаа юм.
Авилгатай тэмцэх газраас авсан мэдээллээр, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурор, Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Сүхбаатар, Архангай аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудын хөрөнгө орлогын мэдүүлэг 85-аас дээш хувьтай байна.
Түүнчлэн Авилгатай тэмцэх газарт мэдүүлгээ гарган бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон түүнтэй адилтгах 280 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргах ёстойгоос одоогоор Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн 36, Дэд сайд 7, Яамдын төрийн нарийн бичгийн дарга 4, Агентлагийн дарга 18, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул 27, бусад 59 нийт 151 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд явц байдал 53,9 хувьтай байна.
Авилгатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар, зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ биелүүлэхийг анхаарууллаа.