Э.Бат-Үүл нарыг шалгах явцад НОЦТОЙ ЗӨРЧИЛ илэрчээ
Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа.
Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарт холбогдох хэрийг хүлээн авч хянаад, Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар болжээ.
Хэргийг сануулбал, “Хөгжлийн банк”-наас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг шалгах явцад “Төрийн орон сууцны корпораци” (ТОСК)-ийн захирал асан А.Гантулгын зөрчилтэй үйлдэл илэрсэн байдаг. Тэрбээр ТОСК-ийн захирлаар ажиллаж байхдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 мянган ам.долларын авилга авсан хэмээн буруутгагдсан юм.
Дээрх хэрэгт холбогдуулан Хотын дарга асан Э.Бат-Үүл, НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, "ТОСК" ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг нарыг албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон, Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх үндэслэлээр шалгасан юм.
Улмаар Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Э.Бат-Үүл нарыг яллагдагчаар татаж, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.