Д.Лүндээжанцан: Ээлжит бус чуулганыг 14 хоног хуралдуулах байх
УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөсөн эдгээр өдрүүдэд ээлжит бусаар хуралдах эсэх асуудал олны анхааралд байна. Учир нь Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай зэрэг намрын чуулганаар хэлэлцэх байсан олон чухал асуудал улс төрд үүссэн гацааны улмаас хүлээгдээд байгаа. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаа илэрхийлээд байгаа юм.
УИХ-ын ээлжит бус чуулганыг хэдийгээр зарлах, ямар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаас сонирхсон юм.
Д.Лүндээжанцан:
-УИХ-ын гишүүд өчигдрөөс /2019.02.11/ ажилдаа ороод хаврын чуулганы бэлтгэлтэй холбоотойгоор хийх ажлаа ярилцаж байна. Манай Байнгын хорооны ажлын алба, УИХ-ын Тамгын газартайгаа хамтраад хаврын чуулганыг эхлүүлтэл ямар ажил хийх талаараа ярилцлаа. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сарын 10 хавьцаа хуралдуулахаар ярилцсан.
Ээлжит бусаар чуулах болсон нь хаврын чуулганаар хэлэлцэх олон асуудал байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон олон асуудлыг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх учиртай байдаг. Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагааны тайлан болон төсвийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг батлах учиртай. Түүний хажуугаар Сонгуулийн гурван хууль, Улс төрийн намын тухай болон санхүүжилтийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлах ёстой.
Эдгээр нь зөвхөн манай байнгын хороотой /Төрийн байгуулалтын байнгын хороо/ холбоотой хууль юм шүү. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэхээр тусгасан. Үндсэн хуулийг өөрчлөх захиалга энэ парламентад байгаа. Монгол Улсын Үндсэн хууль үйлчлээд 28 жил болох гэж байна шүү дээ. Нийгэм урагшаа хөгжөөд явчихлаа. Тиймээс Үндсэн хуульд зарим өөрчлөлтийг хийх цаг нь болсныг ард түмэн ойлгож эхэлж байх шиг байна.
Эдгээртэй холбоотой бэлтгэл ажлуудыг эхлүүлсэн. Дээрээс нь татварын ерөнхий хууль, худалдан авах ажиллагаатай холбоотой зэрэг олон чухал хуулийг гаргах шаардлагатай байна. Тиймээс хэлэлцэх асуудал, гаргах шийдвэр нь тодорхой болсон асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцдэг дэгтэй. Тиймээс ээлжит бус чуулганыг хуралдуулахын тулд зарлаж болохгүй. Тиймээс бэлтгэлээ маш сайн хангах шаардлагатай. Ирэх сарын 10-ны орчимд эхлүүлээд 14 хоногийн хугацаанд ээлжит бус чуулганыг хуралдуулах байх.