УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох асуудлыг хэлэлцэн 95.2 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын даргаар сонголоо. Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгогдсоны дараа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Монголын төр төвшин, түмэн олон амгалан байхын ерөөл дэвшүүлье” хэмээн УИХ-ын даргын тамгыг гардуулж өгсөн юм.
Г.Занданшатарыг өчигдөр /2019.01.31/ МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжиж, улмаар УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжээд байсан ба Төрийн байгуулалтын байнгын хорооноос мөн 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцүүлсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Г.Занданшатараас сонирхсон асуултдаа хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын шинэ дарга парламентын эв нэгдлийг хангах нь чухал болохыг сануулаад, “Эв нэгдлийг хангах чиглэлээр юу хийхээр төлөвлөсөн бэ” хэмээн асуухад УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Засаглалын бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн заалт Үндсэн хуульд байдаг. Төрийн түшээд бид нийгмийн эрэлт хэрэгцээ, ард түмний дуу хоолойг илэрхийлэгч байх ёстой. Тиймээс өнөөгийн нийгэмд үүсээд байгаа шударга ёсыг хүсэмжилсэн эрэлхийлэлд тулгуурласан эв нэгдэл парламентад байх ёстой гэж үзэж байна. Нэгдүгээрт ард түмний эрх ашгийг тавьж, хоёрдугаарт улс төрийн эрх ашгийг тавьж ажиллана. Энэ хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө бид нэгдэж ажиллах хэрэгтэй байна. Тиймээс парламентын хамгийн гол ажил Үндсэн хуулийн өөрчлөлт байх ёстой” гэсэн хариулт өглөө.