АНУ-БНАСАУ-ын удирдагчдын түүхэн уулзалт 2018 оны тав, зургадугаар сард анх удаагаа зохион байгуулагдах яриа хэлэлцээ албан ёсоор тодорхой болсонтой холбоотойгоор сайхь уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах боломжтой талаар янз бүрийн санал санаачилга гарч ирсэн нь зүй ёсны үйл явц мөн байсан билээ. Энэ бол боломжит олон хувилбаруудын нэг байв.
Харин өмнөх ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дэвшүүлсэн саналаа Монгол Улс neutral territory буюу “төвийг сахисан нутаг дэвсгэр” учраас тийм уулзалтыг зохион байгуулах боломжтой гэсэн байдлаар асуудлыг твиттерээр хөндсөн нь олон улсын эрхзүйн ямар ч үндэслэлгүй гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.
Ц.Элбэгдоржийн зүгээс төвийг сахих үзэл санаагаа дахин цухалзуулсан билээ. Тэрээр 2018 оны дөрөвдүгээр сарын 23-нд өөрийн блогдоо дээрх байр сууриа дахин давтсан байдаг. Бид аливаа санал санаачилга гаргахдаа популист маягаар хандаж, судалгаа, дүн шинжилгээгүйгээр, твиттерээр жиргэх шаардлагагүй болов уу.
Зарим судлаачид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний араас Монгол Улсыг төвийг сахисан, de facto төвийг сахисан улс хэмээн хэлж бичиж эхлэсэн юм.
Түүгээр ч барахгүй Трамп-Ким Жон-ун нар 2018 оны зургадугаар сарын 12-нд Сингапурт уулзахаар тохиролцсоныг тус улс аанай л “төвийг сахисан” учир сонгогдсон хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бие биеэсээ хуулбарлан бичиж байв. Тэгвэл Сингапур улс ч төвийг сахисан улс биш гэдгийг зориуд цохон дурдья. Сингапур нь Британийн хамтын нийгэмлэгийн 53 гишүүн улсуудын нэг, АПЕК, АСЕАН, АРФ-ын гишүүн, дэлхийн санхүү-худалдааны нэг том төв, өндөр хөгжсөн дэд бүтэцтэй, тансаг зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэг, АНУ-ын Ази-Номхон далайн дахин тэнцвэржүүлэх бодлогод чухал байр суурь эзэлдэг, тиймээс ч АНУ-тай 2012 оноос жил бүр Стратегийн түншлэлийн яриа хэлэлцээг зохион байгуулдаг (Strategic Partnership Dialogue), 2017 оны арваннэгдүгээр сард АНУ-Сингапурын хамтарсан зургаа дахь удаагийн (Exercise Forging Saber) цэргийн хамтарсан сургууль болсон, АНУ-аас зэвсэг техник худалдан авдаг, Сингапур-Энэтхэгийн хамтарсан тэнгисийн цэргийн томоохон сургууль (SIMBEX) Өмнөд Хятадын тэнгист 1994 оноос хойш 24 дэх удаагаа зохион байгуулагдаад байгаа юм.
Ц.Элбэгдорж бээр 2015 оны намар НҮБ-ын ЕА-н 70 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ: “Монгол Улсын байнга төвийг сахих статус нь бүс нутагт төдийгүй дэлхий дахинд энхтайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийг бэхжүүлэхэд хувь нэмэр болно” хэмээн ихэд дэврүүн дүгнэлт хийж дэлхий улсуудаас дэмжлэг хүсч байсан билээ.
Монгол Улс төвийг сахисан орон ч биш, тэгэх тусмаа төвийг сахисан нутаг дэвсгэр бүр ч биш гэдгийг юуны өмнө онцлон тэмдэглэе. Учир нь хөрш гүрнүүд хийгээд олон улсад Монгол Улс бол төвийг сахисан улс, төвийг сахисан нутаг дэвсгэр биш гэдгийг тайлбарлах шаардлага гарч ирж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Цөмийн зэвсгээс ангид Монгол Улсын хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Цөмийн зэвсэггүй бүсийн статус, Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс, Батлан хамгаалах багц хуулиуд, Монгол Улс, ОХУ, БНХАУ-тай байгуулсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнүүд болон олон улстай байгуулсан бусад гэрээ, хэлэлцээрүүдэд Монгол Улс төвийг сахисан нутаг дэвсгэр, байнга төвийг сахисан, de facto төвийг сахисан улс гэсэн нэр томьёонууд огтоос байхгүй. Хуулийн заалт, олон улсын гэрээний заалтыг төсөөтэй хэрэглэж болохгүй гэсэн эрхзүйн алтан зарчим байдаг.
Олон улсын эрхзүйд олон улсын гэрээгээр дайны талбар болгон ашиглахыг хориглосон дэглэм бүхий газар нутгийг neutral territory буюу “төвийг сахисан нутаг дэвсгэр” гэдэг билээ. Тиймээс төвийг сахисан нутаг дэвсгэр гэдэг нь бүрэн эрхт тусгаар тогтносон улсын нутаг дэвсгэр биш юм. Тэнд аль нэг улс дээд, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй. Төвийг сахисан нутаг дэвсгэрт тусгаар бүрэн эрхт улсын нутаг дэвсэг, аль нэг улсын нутаг дэвсгэрийн хэсэг, колонийн нутаг дэвсгэр, protectorate, suzerainty, vassal, мөн концессын нутаг дэвсгэр ч ордоггүй. 1888 оны аравдугаар сард есөн гүрэн гарын үсэг зурсан Константинополийн конвенциар Суэцийн суваг, Үндэстнүүдийн Холбооны ивээл дор 1920 оны хоёрдугаар сард Парист 14 гүрний гарын үсэг зурсан гэрээгээр Норвегийн Шпицбергений арлыг “төвийг сахисан нутаг дэвсгэр” болгон зарласан байдаг.
1959 оны арванхоёрдугаар сард Вашингтон хотноо 12 улс гарын үсэг зурсан олон улсын гэрээгээр Өмнөд туйл буюу Антарктикт цэрэг зэвсэггүй, төвийг сахисан олон улсын эрхзүйн онцгой дэглэм тогтоосон. Гэрээ ёсоор энд зөвхөн шинжлэх ухааны судалгаа хийхэд бүх улсад нээлттэй болсон билээ. Антарктик нь ямар нэг улсын бүрэн эрхээс ангид оршино.
Мөн сар, сансрын уудам, далайн ёроол, түүний хэвлийг олон улсын гэрээгээр цэрэг зэвсэггүй болон төвийг сахисан нутаг дэвсгэр болгосон ажгуу.
Олон улсын эрхзүйд neutral zone буюу “төвийг сахисан бүс” гэсэн ойлголт мөн байдаг. XIX зуунд Нидерландын Нэгдсэн вант улс болон Пруссын дунд оршиж байсан “төвийг сахисан бүс” 1830 онд Бельгийн вант улс болсон түүхтэй. 1887 оны дараа Тайланд болон Энэтхэг-Хятадын хойг дахь Францын колонийн дундах Меконг мөрнийн зүүн эргийг төвийг сахисан бүсээр нэрлэж байжээ. Саудын Араб-Иракийн дундах төвийг сахисан бүс 1981 онд албан ёсоор төгсгөл болсон байдаг.
Байнга төвийг сахисан, эсвэл төвийг сахисан улс л энхийн зууч хийх боломжтой гэсэн ташаа ойлголт зарим хүмүүст байдаг. Норвеги бол НАТО-гийн гишүүн боловч дуулиан шуугиан болголгүй маш сайн энхийн зууч хэрэгжүүлдэг туршлагатай.
Швед, Финланд нь Трамп-Кимийн уулзалтыг зохион байгуулах боломжтой улсуудын тоонд орж байсан. 1960-1970-аад онд Австрийн нийслэл Вена хотод Зөвлөлт, Тайванийн нууц уулзалтууд ч явагдаж байсан байдаг.
2017 оны арваннэгдүгээр сард ЕХ-ны 23 орны Батлан хамгаалахын сайд нар АНУ-ын тэргүүлсэн НАТО-гаас тусдаа Холбооны гишүүн орнуудын зэвсэгт хүчнийг интеграцчлах үндсэн дээр нэгдсэн бүтэц буй болгох гэрээнд гарын үсэг зурсан. Ийнхүү ЕХ улс төр-эдийн засгийн интеграци төдийгүй нэгдсэн армитай цэргийн эвсэл болох чиглэлд том алхам хийснээр Швед, Австри, Финландын статус ч өөрчлөгдөх төлөвтэй.
Globalization, digitization эргэлт буцалтгүй болсон эрин үед гадаад бодлого, аюулгүй байдлын асуудалд XIX зууны үеэ өнгөрөөсөн дангаарших, зожигрох сэтгэлгээгээр хандах нь явуургүй юм. ХХI зуунд байнга төвийг сахих тухай ярьж хэлж байгаа Монголоос өөр нэгээхэн бээр ч улс гүрэн байхгүй болой. Өнөөдөр байнга төвийг сахих статусаа Үндсэн хуулиндаа суулгасан авторитар дэглэм бүхий Туркменистан улс дэлхий нийтийн хөгжлөөс тусгаарлагдаж, эдийн засаг, нийгмийн хөгжил нь ноцтой доголдож, иргэд нь гадаадад дүрвэж, батлан хамгаалах хүч чадал нь үлэмж суларсаар байгааг харж байгаа билээ.
Монгол Улсын байнга төвийг сахих гадаад бодлогын санаачилга нь олон тулгуурт гадаад бодлогын зарчимтэй шууд зөрчилддөг.
2016 оны долдугаар сард зохиогдсон АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн Улаанбаатарын дээд уулзалтыг даргалж байсан Монгол Улс байнга төвийг сахих санаачилгаа ч дэмжүүлж чадаагүй. Тус чуулганд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведев, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын-хэ, Энэтхэгийн Дэд Ерөнхийлөгч Мохаммад Хамид Ансари, ЕХ-ны Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, ЕХ-ны Комиссын Ерөнхийлөгч Жан Клауд Юнкер, ЕХ-ны Аюулгүй байдал, гадаад бодлогын Дээд төлөөлөгч Федерика Могерини зэрэг нөлөө бүхий зүтгэлтнүүд оролцсоныг онцлон дурдах хэрэгтэй.
Харин Монгол Улс АСЕМ-Улаанбаатарын дээд уулзалтаар ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын Ерөнхий сайд нарын гурван талт дээд уулзалтыг зохион байгуулж, «гуравдагч хөрш»-ийн бодлого, цөмийн зэвсэггүй бүсийн статус, хоёрдугаар сувгийн дипломат ажиллагааны талаар нэлээд сайн ярьж, тайлбарлаж дэмжлэг авах ёстой байсан болов уу. ШХАБ-ын тухайд ч санал бодлоо солилцох боломж байсан юм. Гэтэл дээрхийн талаар ганц үг ч ган хийгээгүй билээ. Энэ бол 100 жилд тохиох түүхэн боломжийг алдсан гэсэн үг ажгуу. Учир нь АСЕМ-ын 51 гишүүн, ЕХ, АСЕАН-аас бүрдсэн энэ байгууллагын саммит нь Ази-Европт хоёр жил тутамд ээлжлэн зохион байгуулагддагт оршино.
Өөр нэг зүйлийг дурвал: Монгол Улсын байнга төвийг сахих санаачилгыг АНУ-ын заавраар хийгдэж буй үйлдэл байж магад хэмээн болгоомжилсон санал дүгнэлт Хятадын судлаачдын илтгэл өгүүлэлд хийх хандлага ажиглагдаж байсан нь анхаарах асуудал мөн.
Гэтэл АНУ-ын байр суурь тэс өөр эсрэг байсныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийн 2016 оны зургадугаар сарын 5-нд Монголд Улсад нэг өдрийн айлчлал хийх үеэр Шангри-Ла зочид буудалд монголын залуу манлайлагч нарын төлөөлөлтэй уулзахдаа тавьсан илтгэлээс харж болно.
2018 оны гуравдугаар сарын 16-нд Монгол Улсын ЕТГ-ын дарга З.Энхболд Монгол Улс Зүүн хойд Азийн энхтайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн аливаа санал, санаачилгыг тууштай дэмжиж ирсэн бөгөөд БНАСАУ, БНСУ-ын хооронд дээд түвшний уулзалт хийхээр болсонд баяртай байгаагаа илэрхийлж, мөн БНАСАУ болон АНУ-тай найрсаг харилцаатай цөөхөн орнуудын нэг мөнийн хувьд тус улсуудын хооронд хийхээр яригдаж буй дээд түвшний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах боломжтой гэдгээ төвийг сахих байр суурьтай огт холбогдолгүйгээр албан ёсоор уламжилсан нь зөв зүйтэй байр суурь байв. Монголын санал хэрэгжих, эс хэрэгжихээс үл хамаараад бид идэвхтэй, нээлттэй гадаад бодлого явуулж, байр сууриа тодорхой илэрхийлж байх хэрэгтэй нь ойлгомжтой.
2017 оны намар шинээр зохион байгуулагдсан Үндэсний аюулгүй байдлын Нарийн бичгийн даргын газар 2015 оны есдүгээр сард баталсан “Монгол Улс байнга төвийг сахих санаачилгыг дэмжсэн зөвлөмжийг 2018 оны хоёрдугаар сард хүчингүй болгосон нь Монгол Улсын үндэсний язгуур эрх ашигт нийцсэн зөв зүйтэй шийдвэр болсон билээ.
Бид цаашид үндэсний аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж болох байсан Монгол Улс байнга төвийг сахих санаачилга дэвшүүлэх болсон субьектив учир шалтгааныг судлан гаргах шаардлага буй.
Харилцан хамаарал гүнзгийрч, даяаршлын үйл явц биднээс шалтгаалахгүй эрчимтэй гүнзгийрч буй өнөөд үед түншлэл, хамтын ажиллагаа, гадны тусламж дэмжлэггүй, бие даан хөгжиж, үндэсний аюулгүй байдлаа хангах боломжгүй.
Бид олон улсын харилцааны олон туйлт дэлхийн шинэ дэг тогтолцоонд дасан зохицож, урагш алхахаас бус түүнээс зугтааж байнга төвийг сахин сууж, хойш алхаж үл болмой.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс байнга төвийг сахиснаар жинхэнэ утгаараа өөрийн толгойтой болж байгаа, гадаад бодлого жинхэнэ ёсоор хэлбэржиж байгаа юм шигээр тайлбарлаж бичиж байсан нь ихээхэн төөрөгдөл байсныг мөнхүү дахин тэмдэглэмээр байна.
Гадаад бодлогыг хэлбэржүүлэх тухай олон улсын харилцааны онолын ойлголт гэж байдаггүй. Монгол Улсын гадаад бодлогын зорилго, зорилт, зарчим, тэргүүлэх чиглэл хийгээд “гуравдагч хөрш”-ийн бодлого, бусад чиглэл, нэгдмэл байдлыг хадгалж, залгамж чанарыг хангах зэрэг өргөн хүрээтэй асуудлууд үзэл баримтлалд зангигдаж тусгагдсан. Одоогийн Монгол Улсын гадаад бодлого “хэлбэржээгүй” биш, харин ч маш сайн “хэлбэржсэн” гадаад бодлого мөн. Тэр нь үндэсний язгуур эрх ашгийг дээдэлж, нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, эвсэлд үл нэгдсэн, ардчилалын үнэт зүйлийг эрхэмлэсэн, олон улсын эрхзүйн нийтлэг хэм хэмжээ, зарчмыг баримталсан, бие даасан гадаад бодлого болно.
Монгол Улс идэвхтэй гадаад бодлого явуулснаар бүс нутгийн төдийгүй дэлхийн энхтайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлнэ. Идэвхтэй гадаад бодлого өөрөө батлан хамгаалах чухал арга хэрэгсэл болдог. Бид хоёр том хөршийн дунд sandwich бус, харин жороолж буй galloper буюу чандас хүлэг лугаа хөгжих учиртай.
Даяаршлын эрин үе, ХХI зуунд жижиг улсын гадаад бодлого илүү прагматик, уян хатан, идэвхтэй, maneuver хийх чадвар сайтай, нээлттэй, байнга төвийг сахих биш, тууштай, олон хэмжээст, сюрприз багатай, тогтвортой, олон улсын тавцан дээр идэвхтэй тоглогч байх ёстой болов уу.
Др.проф. Д.УЛАМБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин