Ерөнхий сайд Эдийн засгийн коридор байгуулах ажлын явцын талаар мэдээлэл хийнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридор байгуулах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, ач холбогдол, бэлтгэл ажлын явц” сэдвээр мэдээлэл хийнэ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдын мэдээллийг үдээс хойш буюу 15.00 цагт сонсох юм. Мөн чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 15 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд УИХ-ын даргыг сонгох тухай болон Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой таван тогтоолын төсөл багтжээ. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Боловсролын тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Түүнчлэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Өмгөөллийн тухай, Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.