Орон нутаг, сум хөгжүүлэх сангийн зөрчилд 600 албан тушаалтан холбогджээ
Төсвийн хөрөнгийг зориулалт ёсоор нь хуваарилан зарцуулах учиртай улсын сан гээчийн үйл ажиллагаа доголдолтой байгааг ЖДҮ-гийн хэргүүд хангалттай нотолсон. Засгийн газрын тусгай сангуудын хуудуутай баримтууд ар араасаа хөврөх шинжтэй. Тэгвэл орон нутагт хуваарилсан төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгө юу болж байдаг бол. Хөрөнгө мөнгө байхгүй, санхүүжилтгүй гэсэн шалтгаанууд хөдөөгийн хөгжлийг хойш нь татдаг талаар ярьсаар л байгаа. Тэгвэл хуваарилсан хөрөнгийг нь зөв зүйтэй зарцуулж чадаж байна уу гэдэгт асуултад хэрхэн хариулах вэ.Иргэдийн оролцоотойгоор аймаг, орон нутгаа хөгжүүлнэ гэж байгуулсан Орон нутгийн хөгжлийн сан, сумдын жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох зорилготой сум хөгжүүлэх сангийн хөрөнгө аймгуудад бий.
Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын дүгнэлтээр 2017 онд Орон нутгийн хөгжлийн санд улсын төсвөөс 53 тэрбум, аймаг, нийслэлийн өөрийн эх үүсвэрээр 54 тэрбум, нийт 107 тэрбум төгрөгийн орлогын эх үүсвэр бүрдүүлсэн байна. Үүнээс 32.8 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсний 20 орчим хувийг л гэхэд иргэдийн саналаар дэмжигдээгүй ажлыг санхүүжүүлсэн зөрчил эзэлж байх юм. Уг нь энэ сан бол иргэдийн оролцоотой хөгжлийн эх үүсвэр болох учиртайг дээр дурдсан. Түүнчлэн мөн л 20-иод хувийн зөрчлийг чанаргүй, дутуу хийгдсэн төслүүд эзэлж байна. Зөвхөн Орон нутгийн хөгжлийн сантай холбоотой зөрчилтэй асуудлуудаар 300 гаруй албан тушаалтан шалгагдахаар болоод байгаа бол асуудалтай аймгуудыг Говь-Алтай 5.5 тэрбум төгрөг, Өмнөговь 2.3 тэрбум, Өвөрхангай 1.7 тэрбум төгрөгийн зөрчлөөрөө тэргүүлж байна. Орон нутгийн хөгжлийн санд Төрийн аудитын байгууллагаас 2013 оноос хойш жил дарааллан аудит хийж байгаа бөгөөд гарч байгаа алдаа дутагдлууд нь багасахгүй байгааг онцолж байв.
Тэгвэл сум хөгжүүлэх сангийн тухайд ямар байна вэ. Тус сангийн хөрөнгийг бүрдүүлэх зорилгоор ХХААХҮЯ-наас 2011 онд 24 тэрбум төгрөг, Хөдөлмөрийн яамнаас 2012-2014 онд 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сумын хүн амын тоо, эдийн засгийн үзүүлэлттэй уялдуулан хуваарилсан бөгөөд улсын төсвөөс нийт 84 тэрбум төгрөгийн шилжүүлэг хийсэн байна. 2014 оноос хойш тус санд зөвхөн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх зарчмаар ажиллаж байгаа бөгөөд 2017 онд нийт 37 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хандив, тусламж, зээлийн хүүгийн орлого, эргэн төлөгдсөн зээл, алдангиас тус тус бүрдүүлсэн байна. Тус сангийн 2017 оны зарцуулалтад хийсэн аудитаар нийт 36.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 40 хувь нь зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлээгүй ноцтой зөрчил эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ЖДҮ-гийн жижиг хувилбарууд орон нутагт үүрлэснийг харж болохоор байна. Сум хөгжүүлэх сангийн зөрчилтэй холбоотой мөн л 300 гаруй хүнийг шалгуулахаар аудитын байгууллагаас тогтоожээ. Харин нийслэлийн болон аймгийн Засаг дарга нарын асуудлыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон байгаа юм.
Энэ оноос эхлэн орон нутагт чиглэсэн хөрөнгө хоёр дахин нэмэгдэж байгаа. Тухайлбал, Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг 62 хувиар нэмэгдүүлж 144 тэрбум төгрөг болгосон. Түүнчлэн нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 2018 оноос эхлэн анх удаа аймгуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хуваарилж аймаг тус бүрт 2-3 тэрбум төгрөг өгдөг байсан бол энэ оноос 8-10 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Мөн ашигт малтмалын хайгуулын лицензийн төлбөрийн 50, түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн 50, газрын тосны лицензийн төлбөрийн 30 хувийг орон нутагт нь шинээр хуваарилахаар болсон. Өөрөөр хэлбэл, аймгуудын төсөв баригчдын эрх мэдэлд 2019 онд нийтдээ 681 тэрбум төгрөг очихоор болсон билээ. Тэгэхээр орон нутагт төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулж байгаа эсэхэд тавих хяналтыг улам сайжруулах шаардлага зүй ёсоор үүсч байна гэсэн үг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.31 № 22, 23 (5989, 5990)
Б.ТӨГС