Өчигдөр М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр өчигдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийн өмнө "Миний УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн энэ цаг мөчөөс эхлээд шударга ёс тогтоно, нийгмийн тулгамдсан асуудлууд шийдэгдэнэ, монголчуудад гэрэл гэгээтэй ирээдүй бий болно, улс орны хөгжилд эрс өөрчлөлт гарна, амьдрал сайжирна, уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэнэ гэх мэт амлалтуудаа биелүүлэхийг иргэд олон түмэн та бүхнээс шаардах болно шүү. Эдгээр нь та нарт даалгавар болон үлдэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Ярьсан, хэлсэн зүйлээ ажил болгож, олон түмэнд өнгөрсөн хоёр сарын хугацаанд амласан ажлынхаа үр дүнг үзүүлж байж та бүхний улстөрчийн, залуу улстөрчийн рейтинг өсөх ёстой юм шүү.
Хэн нэгнийг алдаршуулж, “ард түмний хайртай хүү” болгох, өөр нэгнийг бүхнийг шийдэгч болгон харуулахад намайг харлуулах, муучлах шаардлага байсан байж магадгүй. Нөгөөтэйгүүр миний хүрсэн амжилтыг дахин давтаж, давуулж чадахгүй нь нэгэнт ойлгомжтой болохоор харлуулах нь зөв гэж бодсон байх аа.
Над руу хар будгийг хангалттай их цацсан. Тэр будаг цагийн эрхэнд, нар салхины аясаар арилах биз ээ. Миний төрд зүтгэсэн ажил амьдралын зам, хийсэн бүтээсэнд минь алдаа оноо бий байх аа. Гэхдээ хийсэн бүтээсэн, алдсан оносныг маань ард түмэн үнэн зөвөөр нь ойлгох цаг удахгүй ирнэ" хэмээн хэлсэн.
Харин одоо МАН-д дараагийн УИХ-ын даргыг нэн даруй томилох шаардлага бий болоод байгаа юм. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.00 цагт хуралдаж УИХ-ын дараагийн даргад хэнийг дэмжихээ тодорхой болгоно гэсэн мэдээлэл гарч эхэллээ. УИХ-ын даргад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нарын нэр яригдаж байгаа аж. Эдгээр хүмүүсийн хэнийг нь дараагийн УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг МАН-ын УЗ шийдэх юм.