С.Баярцогтыг БАТЛАН ДААЛТАД гаргалаа
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Сангийн сайд асан С.Баярцогтыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангиас суллах шийдвэр гаргаж, өчигдөр орой буюу нэгдүгээр сарын 29-ны өдөр батлан даалтад гаргалаа.
Түүнийг АТГ-аас Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Улмаар нэгдүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогтыг 30 хоног хорих шийдвэрийг гаргаад байсан бол яллагдагчийн өмгөөлөгч нарын зүгээс батлан даалтад гаргах хүсэлт хүргүүлсний дагуу түүнийг ийнхүү сулласан юм.