Х.Бат-Оргил: Цөөн тохиолдолд регистрийн дугаараар үйлчлэхгүй
Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад эрүүл мэндийн даатгалын дэвтэр шаардлагагүй болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Х.БАТ-ОРГИЛООС тодрууллаа.
-Регистрийн дугаараар үйлчлүүлдэг болсноор эрүүл мэндийн даатгалын дэвтэр ашиглалтаас гарч байна гэсэн үг үү?
-Ашиглалтаас гарах бус заавал авч очих шаардлагагүй болж байгаа юм. Гэхдээ зарим тохиолдолд регистрийн дугаараар үйлчлэхгүй. Жишээлбэл, хувиараа даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төллөө гэхэд орлогыг нь төвлөрүүлж байгаа ажилтнууд ногдлын үүсвэрийг нь үүсгээгүй байвал төлөлт цахим системд харагдахгүй. Энэ тохиолдолд эрүүл мэндийн даатгалын дэвтрээ үзүүлэх шаардлагатай. Тэгэхээр аль алинаар нь үйлчлүүлэх боломжтой. Эрүүл мэндийн даатгалын цахим системд даатгалын сан бүрдүүлж, түүнд даатгал төлөгчдийн шимтгэлийн мэдээллийг багтаасан. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд заавал цэнхэр дэвтэр шаардахгүй болсон. Энэ талаар бид холбогдох газрууд руу чиглэл хүргүүлсэн.
-Хувиараа даатгуулагч хэдэн төгрөгийн шимтгэл төлөх вэ?
-Иргэд эрүүл мэндийн даатгалыг өвдсөн үедээ биш өвдөхөөсөө өмнө төлөх нь чухал. Холбогдох хуулийн шинэчилсэн найруулгаар эрүүл мэндийн даатгал албан журмынх болсон. Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах ёстой. Эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тодорхой хувиар тооцож, шимтгэл төлдөг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болсонтой холбоотойгоор даатгуулагч сард 3200, жилд 36400 төгрөг төлнө.
-Даатгалаар хөнгөлөлттэй эм авах гэхээр дараалал ихтэй, хүрэлцээ бага гэх мэт асуудал гардаг. Үүнийг хүртээмжтэй байдлаар зохицуулах боломж бий юү?
-Иргэд хөнгөлөлттэй эм авч чадахгүй байгаа нь эмийн сангуудын төсөвтэй холбоотой болов уу. Эрүүл мэндийн даатгал төлж байгаа иргэн бүр эмийн хөнгөлөлтөд хамрагдах бүрэн эрхтэй. Эмийн цахим жор бичсэн өдрөөс хойш долоо хоногийн хугацаанд хүчинтэй байдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад ерөнхий 170, худалдааны нэршлийн 812 эм багтаж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин