Нэгэн жилийн турш эсэргүүцэл дунд суусан УИХ-ын дарга М.Энхболд “Би албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу, хуульд заасан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөхөд татгалзах зүйлгүй. Тиймээс Цагаан сарын баярын наана шинэ УИХ-ын дарга томилогдож, Төрийн гурван өндөрлөг олон түмэнтэйгээ золгож мэндээ мэдэлцэх нь зөв байх гэж үзэж байна” хэмээн /2019.01.25/ мэдэгдэл хийчихлээ. МАНАН дэглэмийг устгах тэмцэл чамгүй урт хугацаанд өрнөж, ямартай ч М.Энхболдыг буулгаж авснаар цааш үргэлжлэх байх. Одоо М.Энхболдыг сайн муу байсан тухай ярих нь илүүц хэрэг. Тэртээ тэргүй цаг хугацаа түүнийг хэн байсныг хэлж өгнө. Харин дараагийн УИХ-ын дарга хэн байх вэ? гэдэг асуулт бидний өмнө ямар ч хариултгүй үлдэж байна.
Өнөөдрийн УИХ-ын гишүүд дунд алх бариад суух чадвартай хүмүүс байж л таарна. Ийм сонирхолтой хүмүүс нь чадвартайгаасаа илүү олон байгаа гэдэгт найднам. Гэхдээ хүссэн бүхэн Хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлээд суухгүй. Энэ бол билгэ тэмдэг болсон Ерөнхийлөгчийн суудал биш, Гүйцэтгэх засаглалын тэргүүн ч биш, нэг танхимын сайдын суудал бол бүр ч биш. Маш чухал албан тушаал учраас туйлын болгоомжтой хандах нь зүйн хэрэг биз ээ. Төрийн эрх барих хамгийн дээд байгууллага гэдгийг юуны өмнө бодолцох нь ойлгомжтой байх.
Ямартай ч өнөөдөр парламентад байгаа хамгийн боломжит дүр бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гэдгийг хаа хаанаа ярьж байна. Түүний намтар түүхийг энд дэлгэрэнгүй дурдаад яахав. Аль тэртээ 1980 онд МУИС-ийг Хуульч мэргэжлээр төгссөн цагаас хойш энэ салбараас хазайсан намтар үгүй бөгөөд төгссөн сургуульдаа багшийн алба хашиж, Улсын прокурорын газраар дамжин, 1990 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй парламентад суухдаа УИХ-ын дэд дарга, даргаар ажилласан гэх арвин туршлагтай хүн. Тэгэхээр онол практик гээд аль аль талаасаа Д.Лүндээжанцан бол болох л хувилбар.
Мөн өдгөө УИХ-ын Дэд даргаар ажиллаж буй Л.Энх-Амгаланг өгсүүлэн тавихад болохгүй зүйл алга хэмээж буй. Гэвч Л.Энх-Амгалангийн хувьд Хууль тогтоох дээд байгууллагад ажиллаад удаагүй, хуульчийн мэргэжил үгүй, бизнесийн байгууллагаас орж ирсэн хүн гэх мэт олон учир дутагдал бий учраас хүлээн авахгүй нь ойлгомжтой. Хамгийн гол нь бизнес улс төрийн бүлэглэлд түүнийг хамаатуулан ярьж бичдэг нь бүр ч зохимжгүй юм. Мөн "27-гийн" хэмээх бүлэглэлээс Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа, С.Бямбацогт нарын хүмүүс ч УИХ-ын даргын суудалд санаархаж байгааг эх сурвалж хэлнэ билээ. Энэ бол хаа хаанаа зөвшөөрөгдөхгүй нь тодорхой. Нэгийг буулгаад нөгөөгөөр сольж байгаатай адилхан зүйл. Ёстой л "Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй" гэдэг шиг зүйл болно. Хэрвээ дээр дурдсан хүмүүсийн нэр ороод ирвэл ард түмний тэмцэл ч хурцдана, бүр УИХ тарах хүртэл процесс үргэжлэх магадлалтай.
Ямартай ч өнгөрсөн долоо хоногт /2019.01.25/ УИХ-ын тухай хуулийн 10.3, 10.4-т заасан журмаар нэн яаралтай дэгээр хэлэлцэх хууль баталсан тул дээрх гишүүд энэ асуудлыг нэн яаралтай журмаар чуулганаар хэлэлцэхгүй бол чуулганы нэгдсэн хуралдааныг гацаахаас аргагүй боллоо хэмээн мэдэгдээд байсан ч УИХ-ын дарга М.Энхболд хариу дээрх хариу тайлбарыг хийснээр дараа дараагийн ажилд шилжив бололтой.