ҮХЦ: Монгол Улсын Их Хурлын 2018 оны 48 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэлээ.
Өмнө нь Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Гэвч энэ дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Цэцийн Их суудлын хуралдаанаар маргааныг ийнхүү дахин хянаж, эцэслэн шийдвэрлэжээ.
Уг хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээрзүйлийн 31.4 дэх хэсэгт төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах тухай заалтыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэв.
Мөн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 48 дугаар тогтоолыг хүчингүй болгов.