Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр гадны нөлөөгүй амиа хорлосон нь бүрэн тогтоогдсон
“Монгол модель” агентлагийн модель, “Mongolia’s next top model 2018” уралдааны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тус хэргийг цагдаагийн байгууллага гурван сарын хугацаанд шалгаж шалгалтын ажиллагааг дуусгасан байна. ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баттөмөр хэргийн талаар тодорхой мэдээлэл өглөө.
Цагдаагийн дэд хурандаа Н.Баттөмөр тус хэргийн талаар “2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр ХУД-ийн 15 дугаар хороо “KH Apartment” хотхоны хойд талд байрлах барилгын хоосон хашаанд Ч.Чамин-Эрдэнэ нас барсан хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасаг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Талийгаач Ч.Чамин-Эрдэний унасан байж болох 14 дүгээр давхарт буюу гарын мөр олдсон салхивчинд мөрдлөгө явуулж салхивчаар хүн унах боломжтойг олж тогтоосон . Мөн талийгаачийг амьд сэрүүн байхад буюу ТВ-ийн шоу нэвтрүүлэгт оролцож байхад нь түүний өрсөлдөгчийн ээж нь маанийн ерөөл уншсан. Энэ бүхнээс эхлээд түүний үхэл гадны нөлөөтэй байх магадлалтай гэсэн гомдлыг талийгаачийн ар гэрийн зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэ асуудлыг шалгаж үзэхэд оролцогчийн ээж нь өөрийн найз нөхдийн хамт “Дүнчүүр маань” гэдэг маанийг дуулж байгаад бичлэг хийлгэсэн. Уг бичлэгийг дуулсан дуучин нь тухайн цаг хугацаанд бичлэгээ сонсгох зорилгоор оролцогчийн ээж рүү явуулсаныг ээж нь хүлээн авч, уулзалтын үеэр гар утаснаасаа сонссон нь гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдсон байгаа. Харин Мөрдөн шалгах явцад талийгаачийн үхлийн шалтгааныг Шүүхийн шинжилгээний дүгнэлт зэргийг харгалзан гадны нөлөөгүй амиа хорлосон нь бүрэн тогтоогдсон.
Мөн сүүлийн үед Талийгаачийн нагац ах болох иргэн Ч.Гэрэлхүү нь тус шоуны шүүгч оролцогч нарыг хүний амь нас хохироосон гэсэн янз бүрийн мэдээлэл цахим орчинд бичсэн. Энэ асуудлыг мөн цагдаагийн байгууллага шалгахад ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй. Талийгаачийн ах Ч.Гэрэлхүүд гүтгүүлсэн гэх хүмүүс цагдаагийн байгууллагад хандсан. Тус хэргийн мөн цагдаагийн байгууллага шалгаж байна” гэв.